Цаг үе
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмуудыг баталлаа
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит аравдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмууд болох “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, түр зогсоох бүртгэлээс хасах”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-уудыг баталлаа. Ингэснээр тохиромжтой этгээдийн шаардлагыг тодорхойлох, хяналт шалгалт хийх, үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, түр зогсоох, бүртгэлээс хасах зэрэг хуульд заасан нарийвчилсан харилцааг зохицуулах нөхцөл бүрдэж байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Тодруулбал, “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-тай уялдуулж санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдэд хүлээлгэх хяналт хариуцлагын хэм хэмжээг нарийвчлан зохицуулж өглөө. Ингэснээр зээлийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бууруулах, харилцагчийг өрийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, финтек зээлдэгч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хяналт хариуцлага дээшлэх, хууль эрх зүйн орчин сайжрах үр нөлөөтэй.
Зохицуулалтын салбаруудад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хүрээнд хуралдаанаар нэг компанийн нэмж гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний болон факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид нэмж олгохоор шийдвэрлэв. Түүнчлэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх болон банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дөрвөн хуулийн этгээдэд олгохоор тус тус шийдвэрлэсэн юм. Мөн гурван компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэж, дөрвөн компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь сэргээхээр тус тус шийдвэрлэлээ.
Цаг үе
Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ
АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.
Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.
Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.
Цаг үе
АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ
АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.
Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.
Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.
Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.
Цаг үе
“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.
Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.
Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.
-
Улстөр нийгэм2026/06/19
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
-
Шударга мэдээ2019/11/29
Өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад мөнгөн тусламж үзүүлнэ
-
Цаг үе2024/03/22
"Петро чайна дачин тамсаг" ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашиг...
-
Улстөр нийгэм2021/10/27
Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв
