Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Иргэд, олон нийтийн анхааралд!

Огноо:

,

Монгол Улс нь Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орны хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг хэрэгжүүлж ажиллаж байна. Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-ын Зөвлөмж 14 /Мөнгө болон үнэ бүхий зүйлийн шилжүүлгийн үйлчилгээ/-т цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгчид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй тул холбогдох шаардлагуудыг тусгасан байдаг.  

Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаанд хамаардаг ба тус үйлчилгээг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосон этгээд эрхэлнэ.

Дээрх үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй этгээдээс авснаар залилан, хууран мэхлэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн золиос болох эрсдэлтэй тул иргэд, олон нийтийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэйгөөр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлж буй этгээдүүдийн жагсаалтыг тогтмол шинэчлэн цахим хуудаснаа нээлттэй мэдээлдэг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тусгай зөвшөөрөлтэйгөөр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлж буй этгээдүүдийн мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Иймд, иргэн Та цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг авахаасаа өмнө тухайн байгууллагын нэрийг дээрх жагсаалттай тулгахаас гадна тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шалгах замаар өөрийгөө болзошгүй эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна.

Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйлчилгээг үзүүлж байж болзошгүй этгээдийг илрүүлсэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд бичгээр болон /amlctf@frc.mn/ цахим хаягт мэдэгдэж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулаарай. 

 САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ

Огноо:

,

Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 2026 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд сэрэмжлүүлэг гаргалаа.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ЯПОН УЛСЫН КҮМАМОТО МУЖИД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн (Мягмар) 16:27 цагт Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох 7 баллын чичиргээ бүртгэгдлээ.

Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан, худалдааны төвд олон хүн гацсан тухай мэдээлэгдэж байна. Мөн хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдаж, зарим бүсэд цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүсээд байна.

Газар хөдлөлтийн дараа Ариакэ тэнгис болон Яцүширо тэнгист нэг метр хүртэлх өндөртэй цүнами үүсэх эрсдэлийн улмаас сэрэмжлүүлэг гаргасан боловч далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалжээ. Үүний зэрэгцээ 17:08 болон 19:03 цагийн орчимд Күмамото мужид дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн нь идэвхжил үргэлжилж байгааг харуулж байна.

Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.

Япон Улсад, ялангуяа Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг:

• Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг тогтмол дагаж мөрдөх;
• Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн болон эргийн бүсээс хол байх;
• Онцын шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх;
• Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх;
• Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны зааврын дагуу нүүлгэн шилжүүлэх байранд шилжин байрлахыг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч буйгаас гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор авагдаагүй байна.

Тус бүсэд оршин сууж буй Монгол Улсын иргэд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдон туслалцаа авах боломжтой.

Элчин сайдын яам нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэх болно.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эрдэнэт хотын Хавдрын төвд БНСУ-ын шинэ технологийн дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Огноо:

,

Монгол Улсын Эрүүл мэндийн яам Бүгд Найрамдах Солонгос Улсын "АдипоЛабс" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, "АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь салбарын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болохыг тэмдэглэлээ.

"АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг Монгол Улсад хандивласнаар хорт хавдартай өвчтөнүүдэд орчин үеийн эмчилгээ хийх боломж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү хандив нь олон өвчтөний эмчилгээнд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттай хөгжүүлж байгаа бөгөөд шинээр хүлээлгэн өгсөн "REMISSION 1°C" төхөөрөмж нь хорт хавдрын дулаан эмчилгээний шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх, бүсийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

НҮБ-ын зөвлөх Винстон Чан ОБЕГ-ын алба хаагчдад дэлхийн эрэн хайх, аврах ажиллагааны шинэ чиг хандлагыг танилцууллаа

Огноо:

,

НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, "Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг" сэдвээр мэдээлэл хийлээ.

Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болсон томоохон газар хөдлөлтийн гамшгаас авсан сургамж, олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны хөгжлийн чиг хандлага, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагаа, олон улсын эрэн хайх, аврах багуудад тавигдаж буй шинэ шаардлагын талаар хэлэлцэв.

Мөн цаашид хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд баримтлах чиглэл, шинэ сорилт, хөгжлийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Винстон Чан энэ сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах хугацаандаа Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзахаас гадна НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Хот доторх эрэн хайх, аврах гадаад ангиллын аттестатчилалд хамрагдах бэлтгэл ажлын явцтай танилцах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох