Улстөр нийгэм
Есөн байршилд үерийн далан суваг шинэчилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа танилцуулав.

Тэрбээр “Манайх авто замын борооны ус зайлуулах 163 км шугамыг бүрэн цэвэрлэсэн. Бороо орсны дараах давтан цэвэрлэгээ үргэлжилж байна. Есөн байршилд үерийн далан сувгийн шинэчлэлийн ажил хийж байна. Мөн арматур, бетон, цементийн үнийн өсөлт ажилд шууд нөлөө үзүүлж байгаа” хэмээлээ. Хотын дарга үнийн өсөлтийн талаар тооцоо, судалгаа хийж, танилцуулахыг үүрэг болгов.
Улстөр нийгэм
Н.Учрал: “Smart Selbe City” зорилтот бүлэгтээ хүрэх ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай 2026 оны долоодугаар сарын 28-ны өдөр танилцав. Тус төсөл нь Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсвгэрт нийт 158 га газарт хэрэгжиж байна.
Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээнд загвар болох уг төслийн талбайд,
-113 блок, 8,575 айлын орон сууц
-5,780 суудалтай 5 сургууль
-1,520 суудалтай 8 цэцэрлэг
-4 өрхийн эмнэлэг, соёлын цогцолбор, спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна.

Бүтээн байгуулалтад 7 ерөнхий гүйцэтгэгч ажиллаж, зарим хэсэгт 9 болон 12 давхрын угсралт дуусаж, цонхоо суурилуулж эхэлжээ. Барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер техникийн ажилтан, 70-80 орчим машин механизм ажилладаг бөгөөд бараа, материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд юм. Газар чөлөөлөлт 96 хувьтай байна.
Бүтээн байгуулалтын явц 36.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2027 онд орон сууцны хэсэг, 2029 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, олон нийтийн бүсэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог бодлогоор дэмжинэ гэлээ.
Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн ажлыг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд холбогдох яам, тамгын газар, Нийслэлийн Засаг дарга болон “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-д дараах үүрэг даалгаврыг өглөө.
Үүнд:
-Мкв-ийн үнийг бууруулах. 5.000.000 төгрөгөөр зорилтот бүлэгт хүрэхгүй учраас нийслэл үнэ бууруулах шийдлээ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулах
-Борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулах. Ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглах, борлуулалтын үе шатанд төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулахыг тэргүүлэх чиглэл болгох
-Засгийн газраас Сэндбоксийн журмыг баталж өгнө. “Смарт Сэлбэ сити” бүх үйл ажиллагаандаа ухаалаг шийдлийг дүрэм журмын хүрээнд саадгүй нэвтрүүлэх
-Эдийн засгийн тусгай бүс болгож, хувийн хэвшлээ дэмжих зэрэг асуудлууд багтжээ.

“Смарт Сэлбэ сити” төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болох урьдчилсан тооцоо гарчээ. Бүтээн байгуулалтын дүнд 45 мянган иргэн орон сууцанд орж, орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана. Мөн 16 мянган ажлын байр бий болно. 15,600 янданг буулгаж, нүүрсний хэрэглээ жилд 7,500 тн-оор багасна. 12,000 нүхэн жорлон устаж, хөрс, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, автомашины хөдөлгөөний ачааллыг багасгахаар тооцоолжээ.
2024 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг Ерөнхий сайд Н.Учрал ахалж батлуулсан бөгөөд хот нь мэдээллийн технологид суурилсан, ухаалаг, ил тод байдлыг дэмжиж, иргэдийн оролцоог хангасан орчин үеийн байдлаар хөгжих боломжийг нээжээ. “Сэлбэ смарт сити” төсөл нь дээрх боломжийг шууд тусгасан буюу хот төлөвлөлтийн шинэ үеийн загварыг тодорхойлох, иргэн бүрийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой орчинд шийдвэрлэх боломж бүрдүүлсэн, амьдрахад таатай иж бүрэн хотын бүтээн байгуулалт юм.
Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.
Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.
Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.
Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.
-
Цаг үе2023/04/26
БШУЯ: Мянган инженер төслийн хүрээнд 764 оюутан Япон улсад суралцаж төгсөөд байн...
-
Цаг үе2021/02/18
ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын анхааралд
-
Улстөр нийгэм2022/08/19
УИХ: Ажлын хэсгийн хуралдаан боллоо
-
Цаг үе2022/12/07
Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Эрчим хүчний сайдын хамт Тавантолгой уурхай...
