Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хүн бүхэнд хамаатай

Огноо:

,

Манай улс 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай болсон. Харин эдүгээ 21 жилийн дараа уг хуулиа шинэчлэх гэж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн  төслийг боловсруулах ажлын хэсэг  ХЗДХЯ-нд байгуулагдан ажлаа эхэлжээ. Хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдал ихээхэн хумигдмал болсон Монгол Улсын хувьд энэ чухал салбарын эрх зүйн орчинг тодорхой болгох, цаг үеийн шаардлага, үүсэн болж буй шинэ нөхцөлд тохируулан тодорхой зохицуулалтуудыг хийх шаардлага бий болсон. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын нэр бүхий гишүүд тус тусдаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулан өргөн мэдүүлсэн ч парламент дээр гацсан. 

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг ойлголтыг зөвхөн сэтгүүлчдэд хамаатай мэтээр ойлгох нь бий. Тэгвэл энэхүү эрх чөлөө нь бүх нийтэд хамаатай ойлголт. Тиймээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бол олон нийтийн мэдэх эрхийг хангахад чиглэсэн хууль юм. Өнөөдрийг хүртэл мөрдөгдөж ирсэн Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дөрвөн зүйл заалтаар иргэдийн мэдэх эрхийг хангаж, хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагааг зохицуулсаар ирсэн. Аливаа бүхэн цаг үеэ даган хувьсан өөрчлөгдсөөр байгаа технологийн дэвшлийн эрин зуунд 20 гаруй жилийн тэртээ батлагдсан хууль хэвлэл мэдээллийн салбарын шинэ харилцаа, технологийн ололт амжилтаас үүдэн гарч буй асуудлуудыг бүрэн зохицуулж чадахгүй байгаа. Тиймээс ч хуулийн шинэчлэл шаардлагатай болоод байгаа юм. Учир нь, 1998 оны хуульд “Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт цензур тогтоохгүй. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй. Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн хэдхэн заалттай.

Энэхүү хууль  тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний гол зарчмуудыг тусгаж чадсан ч гэж үздэг. Харин өнөөдөр шинэ сэтгүүл зүй, дижитал сэтгүүл зүй хөгжиж, мэдээллийн технологи хөгжиж байгаагийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хаан боогдуулах, хараат бус байдлыг сулруулах эрмэлзэл эрх баригчдад байсаар байгаа зэрэг нь салбарын хуулиа шинэчилж сайжруулах цаг нь ч болсон гэдгийг харуулж байна. Сэтгүүл зүйн төв байгууллага МСНЭ ч энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа. Салбарын хуулиа сайжруулах нь хуульчдын л хийх ажил мэтээр харах нь буруу юм. Яагаад гэвэл эцсийн дүндээ тухайн хуулиар сэтгүүлч, редакцийн үйл ажиллагааг зохицуулах учир салбарт ажиллах хүн бүрийн оролцох ажил. Ялангуяа редакц бүр энэхүү хуульд өөрсдийн байр суурийг илэрхийлж, ХЗДХЯ-ны боловсруулж буй төсөлд санал бодлоо тусгуулах нь чухал болоод байна. Мөн ахмад сэтгүүлчдийн туршлага, нийтлэлчдийн үзэл бодол маш чухал.

Өнгөрөгч долоо хоногт МСНЭ-ээс “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрхзүйн шинэчлэл” сэдэвт, зорилтот хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэр дээрх асуудал хөндөгдсөн. Сэтгүүлчдийн төв байгууллага болон "Глоб интернэшнл" ТББ, Хэвлэлийн хүрээлэнгийн зүгээс олон жил уг асуудалд анхаарал хандуулж, хууль эрх зүй орчныг шинэчлэх санал гаргасаар ирсэн ч тодорхой бус шалтгаанаар шинэчлэгдэлгүй байсаар өнөөдөртэй золгож байна. МСНЭ-ээс хүсч буй хэвлэн нийтлэх эрх чөлөөг бэхжүүлж, баталгаажуулах хуулийг батлах хүсэл эрх баригчдад байсангүй. Тиймээс ч МСНЭ “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрхзүйн шинэчлэл” сэдэвт, зорилтот хэлэлцүүлгийг зохион байгуулсан хэрэг. Энэ асуудлаар сүүлийн хэдэн жил дуу хоолойгоо илэрхийлж, сэтгүүл зүйн хараат бус байдлыг хангах чиглэлд онцгой анхааран ижил төстэй үйл ажиллагаа хийдэг ТББ-уудтай хамтран ажиллаж эхлээд байгаа билээ.

Эрүүгийн, Иргэний, Зөрчлийн гэх мэт олон хуулиар сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд хийгээд үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн иргэдээ дарамталж, мэдэх эрхийг нь хаан боогдуулж байгаа өнөөгийн нөхцөлд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд томоохон өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна. 

Хуульд өөрчлөлт оруулах ажил гараанаас хөдөлсөн ч сэтгүүлчдийн оролцоо алга гэх шүүмжлэл бий. Мэдээж хэрэг хуулийн төслийг боловсруулахад мэргэжлийн хуульчид ажиллах нь зөв ч салбарын тогоонд чанагдсан, сайн нийтлэлч, сэтгүүлчдийн бодол санаа тусахгүйгээр эрх зүйн орчин бүрдэж яахан чадах билээ. Тиймээс сэтгүүл зүйн салбарын хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ганц хоёр сэтгүүлчийн бус нийт сэтгүүлчдийн санал чухал байна.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хүн бүхэнд хамаатай

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хүн бүхэнд хамаатай

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм7 цаг 29 минут

Монгол Улс НҮБ-Хабитаттай хот байгуулалтын хамтын ажиллагаагаа өргөж...

Цаг үе7 цаг 38 минут

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

Шударга мэдээ7 цаг 41 минут

“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад боди...

Цаг үе7 цаг 45 минут

Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд ...

Цаг үе7 цаг 53 минут

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа яву...

Цаг үе7 цаг 59 минут

“Тэг хог хаягдалгүй хотуудын сүлжээ”-нд нэгдсэн хотуудад гэрчилг...

Цаг үе8 цаг 4 минут

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Цаг үе8 цаг 15 минут

Стамбул–Улаанбаатарын нислэгээр нэг кг орчим метамфетамин нэвтрүүл...

Улстөр нийгэм2026/08/24

COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын б...

Цаг үе2026/08/24

1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Гиннесийн дээд амжилтын батламж...

Санал болгох