Шударга мэдээ
“Даншиг наадам-Хүрээ цам 2022”-д унаач хүүхдийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллана
Наймдугаар сарын 6,7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын үеэр хязаалан болон их насны морьдын уралдаан болохын дээр жороо морь уралдуулдаг онцлогтой. Даншиг наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын хурал өнөөдөр боллоо. Хурлаар хурдан морины уралдааны морины бүртгэл болон уралдааныг хэрхэн зохион байгуулах тухай, унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг хэлэлцсэн юм.
МОРЬД ДАВХАР УЯАТАЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ТУЛ УРАЛДАХ ЗАЙГ БАГАСГАСАН

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурдан морины уралдаан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, хурандаа Г.Ялалт:
-Наймдугаар сарын 6-ны өдөр 11 цагаас жороо морины уралдааныг зохион байгуулах бол наймдугаар сарын 7-ны өдөр хязаалан, их насны морьдын уралдааныг Хүй долоон худагт зохион байгуулах юм. Уралдах морьдыг наймдугаар сарын 5-ны өдөр бүртгэнэ. Даншиг наадмын морины уралдаан Үндэсний их баяр наадмын морины уралдаанд баримталдаг зарчмаар явагдана. Үндэсний их баяр наадмын хууль болоод Засгийн газраас баталсан Хурдан морины уралдааны дүрмийн дагуу бүхий л наадам, уралдаан явагддаг. Тэгэхээр уралдуулах морьдын сэрвээг хэмжинэ. Үүнд нэмэлт тайлбар хийх нь илүүц болов уу. Хурдан морины уралдааныг зохион байгуулахад Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон манай НЗДТГ-ын Цэргийн штаб бүрэлдэхүүнээрээ, даатгалын байгууллагууд ажиллаж байна. Унаач хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд илүүтэй анхаарч ажиллаж байгаа.
-Уралдааны маршрутад өөрчлөлт орох уу?
-Үндэсний их баяр наадмаас хойш аймаг, сумдын ойг өргөн хэмжээнд тэмдэглэлээ. Бүсүүдийн уралдаан ч зохион байгуулсан. Тиймээс морьд давхар уяатай байж болзошгүй. Тиймээс Нийслэлийн Морин спорт, уяачдын холбоо болон бусад холбоодоос гаргасан саналыг үндэслээд хоёр насны уралдааны зайг татаж багасгасан. Тухайлбал, их насны морьдын наадмаар хязаалан насны морьд уралддаг зайд уралдуулъя гэж шийдсэн. Энэ нь ойролцоогоор 17-18 км. Хязаалан насны морьдыг 13-14 км буюу Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралддаг зайд уралдуулах юм.
ХҮҮХЭД АЙДАС ТҮГШҮҮРТЭЙ БОЛ УРАЛДААНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨДӨГ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Оюунтуяа:
-Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу наймаас доош насны хүүхдүүдийг хурдан морь унуулахгүй байгаа. Хуулийн дагуу наймаас дээш насны хүүхдүүдийг морин уралдаанд оруулна. Түүнээс гадна морь унах гэж байгаа хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрөл авсан байхын дээр даатгалд хамруулсан байх ёстой. Унаач хүүхдийн хувцас хэрэглэл нь стандартын шаардлага хангасан эсэх, хүүхэд сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаа эсэхийг лавлаж тодруулдаг. Хүүхэд айдас түгшүүртэй бол уралдаанд оролцуулахгүй байхыг уяачид, асран хамгаалагчдад зөвлөдөг.
Даншиг наадам бол олон нийтийг хамарсан арга хэмжээ. Олон нийтийн арга хэмжээний үеийн хүүхэд хамгааллын заалтууд бий. Жишээлбэл, морины бүртгэлтэйгээ нийлсэн гурван өдөрт хүүхэд төөрөх, осолдох гэх мэт болзошгүй тохиолдлуудад эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх хүртэл хүүхдийг хамгаалан ажиллана. Зөвхөн хурдан морь унаач хүүхдүүд төдийгүй баяр наадам үзэхээр очсон хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд давхар анхаарал хандуулж, хяналт хийж, зөвлөн тусалж, холбон зуучлах ажлыг хийхээр бэлтгэлээ хангаж байна.
-Даншиг наадмын үеэр хүүхэд хамгааллын чиглэлээр хэчнээн ажилтнууд ажиллах вэ?
-Хүй долоон худаг бол Сонгинохайрхан дүүргийн нутаг. Тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон манай Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт 15 ажилтан, албан хаагчид ажиллана.
-Уралдааны үеэр хүүхэд гэмтэж, бэртэх эрсдэлийн үед үзүүлэх тусламж үйлчилгээнд хэрхэн анхаарах вэ?
-Бидний хамгийн их анхаарал хандуулдаг асуудал бол энэ. Хүүхэд хамгааллын асуудал бол салбар дундын асуудал учраас бид Эрүүл мэндийн газар, даатгалын байгууллагуудтай хамтран ажилладаг гэлээ.



Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
