Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Халимаг үүлдрийн үхрээр малын чанарыг сайжруулах талаар санал солилцлоо

Огноо:

,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  Т.Жамбалцэрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд ОХУ-ын Буриад улсын  Халимаг үхэр үржүүлэх үндэсний нийгэмлэг, Халимагийн үндэсний их сургууль, хувийн аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Буриад улстай хамтран ажиллах талаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, газар тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуйг эрхлэн хөтлөх чиглэлээр холбогдох хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бодлого зохицуулалтын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбар 2021 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг үйлдвэрлэн гаргаж байгаагийн дотор мал аж ахуйн салбараас 87,3 хувийг үйлдвэрлэж байна. Нийт 188,6 мянган малчин өрх 2021 оны жилийн эцсийн байдлаар 67,3 мянган том мал үржүүлж байна. Энэ онд улсын хэмжээгээр нийт 24 сая төл хүлээн авч 90 гаруй сая малтай болсон.   

Манай улсын зарим томоохон аж ахуйн нэгжүүд Франц, Герман, Чех, ОХУ, БНХАУ зэрэг улс орноос цэвэр үүлдрийн мах ноосны хонь, сүү, махны чиглэлийн үхэр, сүүний ямаа, хурдан удмын адуу зэргийг импортлон авч малынхаа чанар, ашиг шимийг сайжруулах ажлыг хийж байна. Үүний нэг нь халимаг үүлдрийн үхэр юм.
Халимаг үүлдрийн үхэр нь Монгол орны эрс тэс уур амьсгалд илүү дасан зохицох чадвартай, тэсвэр сайтай нь батлагдсан төдийгүй үхрийн махны үйлдвэрлэлийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой болох нь тогтоогдсон.

Сүүлийн жилүүдэд манай махны үхэр үржүүлэх сонирхолтой, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа зарим аж ахуйн нэгжүүд халимаг үхрийг илүү сонирхох болж ОХУ-ын Буриад улсаас үржлийн халимаг үхрийг импортлон ашиглаж байна. Тухайлбал, Монгол Улсын “Батган-Агро” компани үхрийн махны чанар, гарцыг нэмэгдүүлж, мах, махан бүтээгдэхүүнийг дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх зорилгоор  ОХУ-аас 2019 онд цэвэр халимаг үүлдрийн 171 толгой үхрийг импортлон  авч Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд  үржүүлж байна.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын Удмын сангийн үндэсний төв улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд Буриад Улсын үржлийн аж ахуйгаас цэвэр Халимаг үүлдрийн 4 толгой өсвөр бух, 6 толгой өсвөр үнээг худалдан авч тэдгээрээс үржлийн бүтээгдэхүүн хөлдөөсөн үр, хөврөл үр үйлдвэрлэн энэ үхэр үржүүлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн ажил, үйлчилгээг үзүүлж эхлээд байна.

Цаашдаа Халимаг үүлдрийн үхэр цэврээр нь үржүүлж байгаа ОХУ-ын зарим аж ахуйн нэгжтэй харилцаа, холбоогоо улам бэхжүүлж, дотоодын аж ахуйн нэгж болон Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг холбон өгч хамтын ажиллагааг илүү бодитой, үр дүнтэй явуулах хүсэлтэй байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн илэрхийллээ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ

Огноо:

,

Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 2026 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд сэрэмжлүүлэг гаргалаа.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ЯПОН УЛСЫН КҮМАМОТО МУЖИД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн (Мягмар) 16:27 цагт Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох 7 баллын чичиргээ бүртгэгдлээ.

Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан, худалдааны төвд олон хүн гацсан тухай мэдээлэгдэж байна. Мөн хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдаж, зарим бүсэд цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүсээд байна.

Газар хөдлөлтийн дараа Ариакэ тэнгис болон Яцүширо тэнгист нэг метр хүртэлх өндөртэй цүнами үүсэх эрсдэлийн улмаас сэрэмжлүүлэг гаргасан боловч далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалжээ. Үүний зэрэгцээ 17:08 болон 19:03 цагийн орчимд Күмамото мужид дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн нь идэвхжил үргэлжилж байгааг харуулж байна.

Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.

Япон Улсад, ялангуяа Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг:

• Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг тогтмол дагаж мөрдөх;
• Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн болон эргийн бүсээс хол байх;
• Онцын шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх;
• Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх;
• Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны зааврын дагуу нүүлгэн шилжүүлэх байранд шилжин байрлахыг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч буйгаас гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор авагдаагүй байна.

Тус бүсэд оршин сууж буй Монгол Улсын иргэд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдон туслалцаа авах боломжтой.

Элчин сайдын яам нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэх болно.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эрдэнэт хотын Хавдрын төвд БНСУ-ын шинэ технологийн дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Огноо:

,

Монгол Улсын Эрүүл мэндийн яам Бүгд Найрамдах Солонгос Улсын "АдипоЛабс" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, "АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь салбарын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болохыг тэмдэглэлээ.

"АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг Монгол Улсад хандивласнаар хорт хавдартай өвчтөнүүдэд орчин үеийн эмчилгээ хийх боломж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү хандив нь олон өвчтөний эмчилгээнд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттай хөгжүүлж байгаа бөгөөд шинээр хүлээлгэн өгсөн "REMISSION 1°C" төхөөрөмж нь хорт хавдрын дулаан эмчилгээний шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх, бүсийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

НҮБ-ын зөвлөх Винстон Чан ОБЕГ-ын алба хаагчдад дэлхийн эрэн хайх, аврах ажиллагааны шинэ чиг хандлагыг танилцууллаа

Огноо:

,

НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, "Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг" сэдвээр мэдээлэл хийлээ.

Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болсон томоохон газар хөдлөлтийн гамшгаас авсан сургамж, олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны хөгжлийн чиг хандлага, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагаа, олон улсын эрэн хайх, аврах багуудад тавигдаж буй шинэ шаардлагын талаар хэлэлцэв.

Мөн цаашид хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд баримтлах чиглэл, шинэ сорилт, хөгжлийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Винстон Чан энэ сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах хугацаандаа Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзахаас гадна НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Хот доторх эрэн хайх, аврах гадаад ангиллын аттестатчилалд хамрагдах бэлтгэл ажлын явцтай танилцах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох