Улстөр нийгэм
Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан хүндэт зочдод баярын мэнд дэвшүүлэв. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хоёр улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Хаяши Мотоо Монгол Улсын “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсанд халуун баяр хүргэв.
Тэрбээр, энэ орчлон баяр, гуниг хосолдог хорвоо гээд Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо харамсалтайгаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, манай улсын хөгжилд болон Монгол, Японы харилцаанд Ш.Абэ агсны оруулсан хувь нэмэр, гавъяа зүтгэлийг Монгол Улс, монголын ард түмэн ямагт дурсан санах болно. Хэдийгээр манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож байгаа хэдий ч 100 жилийн өмнө Монгол Улс Япон Улсыг манай улсын “гуравдагч хөрш” хэмээн үзэж, харилцаа тогтоохыг эрмэлзэж байсан түүхтэй. Бид бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг. Манай хоёр улс хоорондын өндөр, дээд түвшний уулзалт тогтмолжиж, хоёр улсын харилцаа бүхий л талаар өргөжин хөгжиж байгаад баяртай байна гээд үүний нэг тод илрэл бол миний бие Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын дарга асан Санто-той уулзаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон.

Өнөөдрийн уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн оролцож байгааг онцлон, цаашид хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хоёр ард түмний хоорондын ойлголцол, олон нийтийн харилцаа, соёл, урлагийн харилцааг улам бүр бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн шилжилтийг даван туулах үед Япон Улсын ард түмний үзүүлсэн тусламж, үнэтэй хувь нэмрийг бид ямагт талархалтайгаар ханддаг. Мөн Япон Улсын соёл уламжлал, нийгэм, эдийн засагтаа хийсэн шинэчлэлийн арвин туршлагаас суралцахыг эрмэлздэг. Бид “Япон лугаа хөгжье” уриалгыг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгуулллага ЖАЙКА-тай хамтран нийт 6 удаагийн цуврал семинарыг амжилттай зохион байгуулаад байна. Элчин сайд Х.Кобаяши энэ санаачлагыг дэмжиж, нягт хамтран ажиллаж байгаад талархалтай байна гэв.
Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд Япон Улсаас парламентын 9 гишүүн, соёл урлаг, төр хувийн хэвшлийн 86 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж байна. КОВИД-19 цар тахал намжаагүй энэ үед Японы төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад баяртай байна гэв.
Тэрбээр, Япон, Монголын найрсаг харилцааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, энэхүү айлчлалаар манай хоёр улсын парламент хоорондын харилцаа улам идэвхжиж, тэр дундаа спорт, соёлын харилцаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Бид эдгээр харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ иргэд хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Энэ ташрамт дурдахад Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын урилгаар ноён Г.Занданшатарыг Япон Улсад айлчлах урилгыг уламжлахад таатай байна гэлээ.
Түүнчлэн, Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын бус гишүүнээр дахин сонгогдоход Монгол Улсын дэмжлэг чухал байсныг тэмдэглэж, Монгол Улс Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн зэрэг шийдвэрлэгдээгүй, маргаантай асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх ёстой гэсэн Япон Улсын байр суурийг тууштай дэмжиж байгаад дахин талархал илэрхийлье. Хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана гэв.
Талууд хоёр улс хоорондын төр хувийн хэвшил, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.
Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.
Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.
Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
