Улстөр нийгэм
УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулган нээлтээ хийлээ
УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулган өнөөдөр эхэлж, УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, олон улсын хурцадмал байдал, цар тахлын хязгаарлалтаас шалтгаалсан цаг үеийн онцгой анхаарах асуудлууд болон эрх зүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын даргын хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгаагаа онцлов.

Чуулганаар Монгол Улсын гадаад, дотоод орчин, нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээлэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн илтгэл, УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган завсарлах үеэр цаг үеийн болон онцгой анхаарвал зохих асуудлуудын талаар өгсөн үүрэг чиглэлээ дүгнэж, эдийн засгийн хямралт байдлыг даван туулах, үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс улсын эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг хамгаалах, дэмжих ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг холбогдох Түр болон Байнгын хороодоор хэлэлцэнэ.
Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хөдөө аж ахуйн чиглэлээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Түр хороо, Ажлын хэсгүүдийн санал дүгнэлтийг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргана. Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 02 тоот тогтоол гаргаж, Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх заалтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбогдон үүсэж буй эрх зүйн орчны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэж байлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот тогтоолоор Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсний хууль эрх зүйн үр дагаврыг үнэлэн цэгнэж, яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдлыг үүсгэснийг УИХ-ын дарга анхааруулаад Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх тул Улсын Их Хуралд хянан хэлэлцэх боломж Үндсэн хуулиар байхгүй, ийм эрх олгогдоогүй байна.
Тиймээс үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар УИХ-ын гишүүд оюун ухаанаа дайчилж, олон нийт, эрдэмтэн судлаачидтайгаа зөвшилцөж, нухацтай хандах шаардлагатай боллоо. Бидний гаргах шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд, төр, ард түмний эрх ашигт бүрнээ нийцсэн байх ёстой. Улсын Их Хурал, Цэц, ер нь аливаа иргэн, байгууллагын бүхий л үйл ажиллагаа, шийдвэр Үндсэн хуулийг даган мөрдөж, сахин хамгаалах зарчмыг баримталж байх нь төр ард түмний туйлын эрх ашигт нийцнэ гэдгийг онцлон тэмдэглэв.


Мөн тэрбээр, парламентын гишүүдийн тоо, гүйцэтгэх засаглалын чадамж, засаглалын хяналт тэнцэл, парламентын ардчиллыг төлөвшүүлэхтэй холбоотой Үндсэн хуулийн хэрэгжилтийн үнэлгээ судалгаа хийх асуудлыг Үндэсний зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулах замаар, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлага гарч байна гэлээ.
УИХ-ын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, улс орны өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй хойчийн хувь заяа, Монгол Улсаа сэргээн мандуулах монгол түмний эрмэлзэл, нийгэм, эдийн засаг, улс төр, засаглалын түвшний шийдлээ хүлээсэн асуудлуудын ач холбогдлыг сайтар тунгааж, ээлжит бус чуулганы үйл ажиллагаандаа ажил хэрэгч, идэвх санаачилгатай оролцохыг гишүүдээс хүсэв.
Ээлжит бус чуулганы хуралдаан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллээр үргэлжилж, хаалттай хэлэлцэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.
Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.
Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.
Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
