Цаг үе
Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон нэмэгдүүллээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
"Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 16, 20-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:
- Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх;
- Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнтэй болгох;
- Банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргалаа.
Жилийн инфляц 2022 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарав. Инфляцад гадаад хүчин зүйлс импортын барааны үнээр дамжин голлон нөлөөлж, нийт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад саарч, инфляц буурах хүлээлттэй байна.
Эдийн засгийн өсөлт эхний хагас жилд харьцангуй өндөр гарлаа. Хилийн хязгаарлалт тодорхой хэмжээнд суларсан хэдий ч уул уурхай, тээврийн салбарт үзүүлэх сөрөг нөлөө үргэлжилж байна. Худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар болон хөдөө аж ахуйн салбар зэрэг уул уурхайн бус салбарын өсөлт 2022 оны 2 дугаар улиралд эрчимжиж, энэ оны эхний хагас жилд цар тахлын өмнөх буюу 2019 оны мөн үеийн түвшнээс давлаа. Өрхийн хэрэглээ сүүлийн 3 улирал дараалан өсөж, дотоод эрэлтийг нэмэгдүүлж байна. Энэ онд уул уурхайн бус салбарын идэвхжил үргэлжлэн нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэхээр байна.
Банкны системийн эх үүсвэрийн долларжилт нэмэгдэж, гадаад зах зээлийн суурь хүү өсч байгаа зэрэг нь төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгов. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг өсгөх, хүүний коридорыг цар тахлын өмнөх түвшинд хүргэж, өргөн болгох болон банкуудын гадаад зах зээлээс татсан зарим эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасах багц шийдвэрийг гаргав. Бодлогын хүүг нэмэгдүүлэх нь инфляцыг зорилтот түвшин рүү буцааж авчрахад хувь нэмэр оруулахаас гадна эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах бодлоготой нийцтэй юм.
Цаашид мөнгөний бодлогын төлөвийг үргэлжлүүлэн хатууруулах эсэх нь гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна" гэжээ.
Цаг үе
Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ
АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.
Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.
Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.
Цаг үе
АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ
АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.
Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.
Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.
Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.
Цаг үе
“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.
Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.
Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.
-
Шударга мэдээ2022/08/23
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байна
-
Шударга мэдээ2020/04/10
Ё.Баатарбилэг: 12 дугаар ангийнханд тавдугаар сард давтлага өгөх боломжийг судал...
-
Улстөр нийгэм2021/05/10
Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Улстөр нийгэм2024/04/01
Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл өгөх нэг цэгийн үйлчилг...
