Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг дэмжлээ

Огноо:

,

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн уралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Довчинсүрэнгийн Ганзориг өөр ажилд томилогдож байгаатай холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11.1.10 дахь заалтыг үндэслэн Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар УИХ-тай зөвшилцөн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг танилцуулж байгааг дурдав.

С.Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, 1983-1993 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1993-1997 онд Цэргийн их сургуульд “Артиллерийн команд-тактик”-ийн мэргэжил эзэмшин цэргийн ухааны бакалаврын зэрэг, 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид “Стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, цэргийн ухааны магистрын зэрэгтэй, “Онцгойлох үнэлгээтэй” тус тус төгссөн.

2017-2019 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд одоо Үндэсний батлан хамгаалах их сургуулийн докторантурт суралцаж байна.

Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд “Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа”, 2006 онд “Батальоны захирагчийн дамжаа”,  2014 онд Канад Улсад “Англи хэлний анхан шатны дамжаа”-г тус тус дүүргэжээ.

Тэрбээр, 1997-2000 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч, 2000-2001 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейны захирагч, 2001-2006 онд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч, 2006-2007 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерийн дарга, 2009-2012 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш, 2012-2013 онд  Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, 2013-2017, 2019-2020 онуудад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2020-2021 оны 9 дүгээр сар хүртэл Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2021 оны 9 дүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын 1 дүгээр орлогч даргаар томилогдон ажиллаж байна.

Мөн 2010-2011 онд Афганистан улсад Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 11 дүгээр ээлжийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Цэргийн их сургууль, Батлан хамгаалах удирдлагын академи, ОХУ-ын Жанжин штабын академийг төгсөж, цэргийн боловсролын хувьд оператив-стратегийн түвшинд ажиллах шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний анги байгууллага, Цэргийн сургууль, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад шат дараалан ажилласан дадлага, туршлагатай, энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багийг удирдан оролцсон, Зэвсэгт хүчинд тасралтгүй 29 жил албаа нэр төртэй хааж буй тэргүүний дээд офицер гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Баттөмөр, Д.Ганбат, Н.Энхболд, Ц.Сэргэлэн, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, санал хэлсэн.

Гишүүдийн зүгээс Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар батлан хамгаалах салбарт болон цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад шат дараалан ажилласан дадлага, туршлагатай, шалгуур хангасан хүнийг томилох санал оруулж ирж буйг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цэргийн дүрэмт хувцасны хавтгайрсан хэрэглээг цэгцлэх, орон нутагт байгаа цэргийн ангиудын барилга байгууламжийг шинэчилж сайжруулах, зэвсэгт хүчний техникийн хангалт, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг зохих хүрээнд шат шатны удирдлагууддаа сайн ойлгуулж, ажиллахыг захиж байлаа.

Мөн хугацаат цэргийн алба хаагчдын сургалт үйл ажиллагааны талаар ар гэрт нь тогтмол нээлттэй мэдээлэл өгдөг болох арга хэмжээг зохион байгуулах,  цэргийн алба хаах хугацаанд нь давхар мэргэжил олгох сургалтуудыг холбогдох аймаг орон нутгийн байгууллага, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтарч зохион байгуулахад анхаарч ажиллахыг хүсэв.

Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчид эрүүл мэндээрээ хохирох, амь нас нь эрсдэж буй асуудлыг судалж үзэхээр дүрмийн бус харилцаанаас эхтэй байдаг. Иймд алба хааж буй залуучуудын эрүүл мэнд, амь насны асуудлыг цэргийн байгууллага бүрэн хариуцдаг учраас дунд, доод шатандаа дүрмийн бус харилцаа байх ёсгүй гэдгийг хатуу анхааруулж, ажиллах шаардлагатай гэж байлаа.

Ингээд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжив хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.

Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.

Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.

Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм9 цаг 31 минут

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Цаг үе9 цаг 36 минут

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын т...

Цаг үе9 цаг 41 минут

BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж б...

Шударга мэдээ9 цаг 46 минут

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Цаг үе9 цаг 54 минут

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Цаг үе9 цаг 58 минут

Алслагдсан бүсийн иргэд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүс...

Улстөр нийгэм10 цаг 2 минут

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Улстөр нийгэм2026/07/27

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм2026/07/27

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ2026/07/27

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Санал болгох