Улстөр нийгэм
Иргэдийн хурлын төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан дээр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн хэлсэн үг
Нийслэл хотын эрхэм хүндэт иргэд ээ
Хүндэт зочид оо
Нийслэл хотоо удирдах эрхийг элч төлөөлөгчдөөрөө дамжуулан барьж байгаа эрх чөлөөт иргэн Танд Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах ёсны шинэ ардчилсан тогтолцоо үүсэн хөгжсөний 30 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье!
УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үе үеийн төлөөлөгчид, ажлын албаныхан, ахмад ажилтнууд, хүндэт зочид Та бүгдэдээ Монгол Улсад Нутгийн захиргааны шинэ ардчилсан тогтолцоо үүсэн хөгжсөний 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Иргэдийнхээ итгэлийг өвөртлөн, их хотынхоо илүү сайхан ирээдүйн төлөө зүтгэж яваа нийт төлөөлөгчиддөө, тэргүүлэгчиддээ, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэн, зөвд дэм, бурууд ташуур болдог Ардчилсан нам, ХҮН намын бүлэгт талархал дэвшүүлье.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төрийн удирдлагатай хослуулан хөгжүүлэх эх үндсийг 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиар хуульчлан баталж, тунхаглан дархалснаас хойш 30 жил өнгөрч байна. 30 жил гэдэг хүний амьдралд багагүй цаг хугацаа. 30 жил гэдэг хүн төрөлхтөн, улс үндэсний түүхэн цаг хугацааны хувьд асар богинохон үе.
Нутгийн өөрөө удирдах шинэ ардчилсан тогтолцооны 30 жилд нийслэлийн иргэдийнхээ эрхэм дээд шийдвэр, эрх чөлөөт сонголтоор нийт 8 удаагийн хуралд 372 төлөөлөгч сонгогдон, иргэдээ төлөөлж, дуу хоолой, хүсэл зориг, эрх ашгийг нь илэрхийлэн хамгаалж, бататган хангахын төлөө үзэл бодол, мэдлэг оюунаа уралдуулан өрсөлдүүлж, цөөнхөө хүндэтгэж, олонхоороо шийдвэрлэж ирсэн нь Монголын ардчилал, Монголын нутгийн өөрөө удирдах ёсны нэн шинэ түүх, эрх чөлөөний ололт билээ.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол иргэд нь төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрхийг барьж буй сонгодог хэлбэр. Тийм ч учраас иргэдийн төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү дээгүүр улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй гэдгийг энэ түүхэн мөчид онцлон хэлье! Нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даан хөгжих баталгаа нь Ардчилсан Үндсэн хууль. Үндсэн хуулинд батлан тунхагласан үндсэн эрхийг ханган, бүх шатны иргэдийн хурал иргэнээ төлөөлөх гүүр нь байж, аливаа улс төрийн ашиг сонирхлоос ангид, хараат бусаар ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Тохиож буй түүхэн хором, торгон мөчлөгийг хүндэтгэж, энэхүү индрээс НИТХ-ын барьж буй бодлого, эрхэмлэх зорилго, асуудал сорилт, хүндрэл бэрхшээл бүгдийг дурьдан тоочилгүй, цаг, цаас хэмнэн, онцлох гурван чиглэлийг онцгойлон хөндье
- Хууль эрх зүйн орчин буюу хот, дүүрэг бие даан хөгжих хувьсгалын тохироо бүрдлээ
НИТХ бодлогын баримт бичгүүдээ баталж, хотод эдийн засгийн шинэ сэргэлт хийх эх хөрсийг нь бэлтгэлээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд онц чухал ач холбогдолтой бодлогын баримт бичиг, хөгжлийн хөтөлбөрүүд буюу Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн дунд хугацааны төлөвлөлт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг бодлогын томоохон баримт бичиг, суурь концепциудаа хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулиар төвлөрлийг сааруулсан, орон нутагт нь эрх мэдлийг нь шилжүүлсэн Нутгийн удирдлагын оновчтой тогтолцоо бүрдсэн. Нийслэл хот болон 9 дүүрэг бие даан хөгжих хууль эрх зүйн орчин ийнхүү бүрдлээ. Хот, дүүрэг бие даан хөгжих хувьсгалын тохироо бүрдэж, Улаанбаатарын урагшлан дэвших зам дээрх улаан гэрлийг унтрааж, ногоон гэрэл асаалаа.
- Төсвийн хүлээсийг тайллаа
Нутгийн өөрөө удирдах шинэ тогтолцооны 30 жилийн эхэн үеэс эхлэн бүхэл бүтэн 27 жилийн туршид дуншсанНийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа бид шинэчлэн батлууллаа. Энэ хууль, эрх зүйн шинэ орчин Нийслэл хотыг хур их асуудал бэрхшээлээс чөлөөлөх замыг нээж байна. Шинэ хуульд нийцүүлэн гаргах бусад хууль, журмын шинэчлэл өөрчлөлт Улаанбаатар хотод хураагдан тулгамдсан суудал, бэрхшээлийг уг үндсээр шийдэх өргөн гарцыг нээж буй чөлөөлөлт гэж итгэлтэй хэлж болно. Нийслэл хотод шинэ сэргэлтийг авчрах хараат бус эрх зүйн орчин эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг нээж өглөө.
Гагцхүү боломжийг бодитой ажил, бодит үр дүн болгож, эрх зүйн таатай орчныг эдийн засгийн шинэ сэргэлтэнд хүргэж, илүү сайхан хотод амьдран суух, ажиллаж бүтээх, ашиг орлогоо нэмэх хүний жам ёсны хүсэл сонирхлыг дэмжин тэтгэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшилтэйгээ гар нийлэн ажиллаж, хөгжлийн томоохон хөтөлбөрүүдээ илүү хурдтай, илүү эрчтэй, илүү цар хүрээтэй хөдөлгөн хэрэгжүүлэхийг хүндрэл сорилт, хүсэл хүлээлт Та биднээс шаардаж байна.
Хот бол хүний жам ёсны эрх, эдийн засгийн эрх чөлөөгөө жинхэнэ ёсоор эдлэх чөлөөт талбар байх ёстой. Төсөвтөө баригддаг, төсөвтөө хүлэгддэг, төсөвт суурилсан тогтолцоо хотын хөгжлийг чөдөрлөж тушсаар ирсэн. Төсвийнхөө хэмжээнд сэтгэж, төсвийнхөө хязгаарт хүлэгдсэн хэвээр их хотын их асуудлыг угтаж биш, цаг үед нь бус араас нь хөөж явдаг “ гал унтраах” маягийн аргацаасан арга барилтайгаа үлдвэл нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй.Бид төсөв шүтсэн хотоос төр ба хувийн хэвшлийн түншлэл дээр босдог, бизнес эрхлэгчидтэйгээ түншлээд хөгждөг эдийн засгийн бодлогод энэ цаг үеэс эхлэн шилжиж байна. Хотоо хотоороо, олуулаа, бүгдээрээ хөгжүүлдэг, томоор сэтгэж, зоригтой шийдэх шинэ цаг тоололд шилжин орлоо. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг хот үүдээ цэлийтэл нээгээд урьж байна.! Хотын асуудал хотын л асуудал биш. Улсын хөгжлийн толь нь улсын нийслэл. УИХ, Засгийн Газар, Нийслэл хотын удирдлага нэгдмэл зорилго, үнэт зүйл дээрээ сэтгэл, зүтгэл нийлэн хамтран ажиллаж байгаагаа улам бататган, ард түмний бүтэн итгэлийг бүрэн дүүрэн үр дүнгээр хариулах үүрэгтэй билээ. Нийслэлийн хөгжил, хотын иргэдийнхээ төлөө хамтран ажиллаж байгаа УИХ, ЗГ-ын гишүүддээ дахин талархал илэрхийлье.
- Өчигдрөөс өнөөдөр, өнөөдрөөс маргааш
Хүндэт зочид оо!
Монгол Улс 101 жилд 4 удаагийн Үндсэн хууль тунхаглан баталж, сахин биелүүлж иржээ. Үндсэн хууль тус бүрд орон нутгийн хурал, захиргааг нутаг дэвсгэртээ төрийн эрх барих байгууллага болохыг тусгайлан зааж ирсэн нь төвлөрсөн удирдлагын тогтолцоог бэхжүүлсэн. Нийслэл Улаанбаатар хотын түр хурал нэртэйгээр анх 45 төлөөлөгчтэй байгуулагдсан бол 1948 оноос хотын хөдөлмөрчин Төлөөлөгчдийн Их Хурал, 1962 оноос Ардын депутатуудын хурал болж 225 депутатаас бүрэлдэж байсан түүхтэй.
Нийслэл хотоо иргэдийнхээ хүсэл шаардлагад нийцсэн метрополис хот, инноваци технологид суурилсан хөгжлийн төв, эдийн засгийн хөгжлийн бааз суурь, дэд бүтэцтэй болгон угсрах үүрэг энэ удаагийн нийслэлийн парламентад оногдож байна. Даяаршил мэдээллийн энэ цаг үед Та бидний бодлого, шийдвэрийн алдаа оноог дэлхийн хотуудтай харьцуулдаг болсон. Манай иргэд дэлхийн аль хотод ямар асуудлыг яаж шийдэж байгааг хардаг, мэддэг,жишдэг болсон. Ийм өндөр шаардлагатай, мэдлэгтэй иргэдийнхээ эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлэн хамгаалахын тулд иргэдийн төлөөлөгч бид илүү их хичээн зүтгэх ёстой болж байна. Иргэдийн төлөөлөгч гэдэг эрхэм үүргээ чанд сахин, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлж, хэлэлцэх асуудал, өгөх санал, сонгох шийдэл бүхнээ олон талаас нь судалж мэргэшсэн байхыг Та биднээс цаг үеийн сорилт бүхэн шаардаж байна.
Улсын хөгжлийн толь болсон Улаанбаатарынхаа хөгжил дэвшил, хотын иргэдийнхээ эрх ашиг, хүсэл зоригийн төлөө ухаан бодлоо уралдуулж, улам ихээр хичээн зүтгэе!
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Н.Учрал: “Smart Selbe City” зорилтот бүлэгтээ хүрэх ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай 2026 оны долоодугаар сарын 28-ны өдөр танилцав. Тус төсөл нь Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсвгэрт нийт 158 га газарт хэрэгжиж байна.
Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээнд загвар болох уг төслийн талбайд,
-113 блок, 8,575 айлын орон сууц
-5,780 суудалтай 5 сургууль
-1,520 суудалтай 8 цэцэрлэг
-4 өрхийн эмнэлэг, соёлын цогцолбор, спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна.

Бүтээн байгуулалтад 7 ерөнхий гүйцэтгэгч ажиллаж, зарим хэсэгт 9 болон 12 давхрын угсралт дуусаж, цонхоо суурилуулж эхэлжээ. Барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер техникийн ажилтан, 70-80 орчим машин механизм ажилладаг бөгөөд бараа, материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд юм. Газар чөлөөлөлт 96 хувьтай байна.
Бүтээн байгуулалтын явц 36.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2027 онд орон сууцны хэсэг, 2029 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, олон нийтийн бүсэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог бодлогоор дэмжинэ гэлээ.
Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн ажлыг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд холбогдох яам, тамгын газар, Нийслэлийн Засаг дарга болон “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-д дараах үүрэг даалгаврыг өглөө.
Үүнд:
-Мкв-ийн үнийг бууруулах. 5.000.000 төгрөгөөр зорилтот бүлэгт хүрэхгүй учраас нийслэл үнэ бууруулах шийдлээ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулах
-Борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулах. Ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглах, борлуулалтын үе шатанд төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулахыг тэргүүлэх чиглэл болгох
-Засгийн газраас Сэндбоксийн журмыг баталж өгнө. “Смарт Сэлбэ сити” бүх үйл ажиллагаандаа ухаалаг шийдлийг дүрэм журмын хүрээнд саадгүй нэвтрүүлэх
-Эдийн засгийн тусгай бүс болгож, хувийн хэвшлээ дэмжих зэрэг асуудлууд багтжээ.

“Смарт Сэлбэ сити” төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болох урьдчилсан тооцоо гарчээ. Бүтээн байгуулалтын дүнд 45 мянган иргэн орон сууцанд орж, орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана. Мөн 16 мянган ажлын байр бий болно. 15,600 янданг буулгаж, нүүрсний хэрэглээ жилд 7,500 тн-оор багасна. 12,000 нүхэн жорлон устаж, хөрс, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, автомашины хөдөлгөөний ачааллыг багасгахаар тооцоолжээ.
2024 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг Ерөнхий сайд Н.Учрал ахалж батлуулсан бөгөөд хот нь мэдээллийн технологид суурилсан, ухаалаг, ил тод байдлыг дэмжиж, иргэдийн оролцоог хангасан орчин үеийн байдлаар хөгжих боломжийг нээжээ. “Сэлбэ смарт сити” төсөл нь дээрх боломжийг шууд тусгасан буюу хот төлөвлөлтийн шинэ үеийн загварыг тодорхойлох, иргэн бүрийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой орчинд шийдвэрлэх боломж бүрдүүлсэн, амьдрахад таатай иж бүрэн хотын бүтээн байгуулалт юм.
Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
-
Цаг үе2022/05/24
"Ногоон дуу хоолой" аянд нэгдэж тарьсан модоо арчилж ургуулцгаая
-
Улстөр нийгэм2023/10/24
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо
-
Улстөр нийгэм2025/01/14
УИХ: Өнөөдөр болох томилгооны сонсголууд
-
Урлаг спорт2019/10/10
Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авна
