Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Холыг харсан хотын парламент

Огноо:

,

АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН АЛТАН ЗАРЧИМ 1990 оны цагаан морин жил Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөв хэмээн нэн шинэ цагийн түүхэнд тэмдэглэдэг. Гэвч жинхэнэ тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлт, хувьсгал 1992 онд л сая бүрэн дүүрэн хийгдсэн юм.

Өөрөөр хэлбэл ардчилсан хувьсгалын үр дүн хоёр жилийн дараа л монголчуудын амьдралд бодитоор тусаж, хэрэгжсэн гэсэн үг. Тухайн жил Монголын ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулан анхны ардчилсан Үндсэн хуулиа гаднын аль нэгэн улс гүрний заавар, зөвлөгөөгүйгээр өөрсдөө толгой мэдэн, бүрэн эрх, бүтэн сэтгэлээрээ эвлэлдэн байж баталсан билээ. Ардчилсан Үндсэн хуулиа баталснаар Монголын ард түмэн эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлнэ гэдгээ зарлан тунхагласан. Ийнхүү “Хөх Монгол улаан Монгол болов. Хуучин хүү шинэ хүү болов” гэдэг шиг социалист Монгол ардчилсан Монгол болов. “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээсэн тунхагийг Үндсэн хуулийнхаа титэм болгон залав. Ардчилсан Үндсэн хуулийн тэргүүн бүлгийн хоёрдугаар зүйлийн хоёрт “Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана” гэсэн нэгэн заалт бий. Мөн гуравдугаар зүйлийн нэгд, “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн заасан юм. Үндсэн хуулийн үг, үсэг, цэг, таслал бүр нь гүн гүнзгий, өргөн дэлгэр утга, агуулгатай. Дээрх хоёр заалтын үг бүрийг нарийвчлан ухаж, өгүүлбэр бүрийг нь чандлан ухаарч уншваас төрт ёс, төрийн байгуулал, түмэн олны эрх, үүргийн талаарх амин чухал тунхаг, зарчим гэдэг нь ойлгогдоно. Тухайлбал, төрийн эрх гагцхүү ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн эрх барих үйл хэрэгт шууд оролцох бөгөөд уг эрхээ өөрсдийн сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан эдэлнэ. Монгол Улс зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана. Тиймээс тэрхүү засаг захиргааны нэгжүүдийг тухайн орон нутгийн иргэд өөрсдөө сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан удирдана гэдэг агуулга Үндсэн хуулиар баталгаажсан юм. Ингэж орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ардчилсан нийгмийн тогтолцооны үндэс суурь болон хөгжих эхлэл тавигдсанаас хойш 30 жил өнгөрчээ. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага Иргэдийн төлөөлөгчдийн хурал анх байгуулагдаад 30 жилийн нүүр үзэж байна гэсэн үг. Энэ бол төрийн эрхийг ард түмний мэдэлд жинхэнэ утгаар нь өгсний ой. Бас төлөөллийн ардчилал Монголд төлөвшиж, хөгжиж эхэлсний ой билээ. 

Нөгөө өнцгөөс харах юм бол улс төрийн босоо удирдлагын тогтолцоог халж, хэвтээ удирдлагын тогтолцоог анх удаа авч хэрэглэсэн он цаг ийнхүү гурван аравны босго давлаа гэсэн үг. 30 жил гэдэг хүнээр бол бүхэл бүтэн хоёр үе илүү элээх урт хугацаа. Улс орны түүхэнд бол асар богино зурвас үе юм. Энэ богинохон зурвас үе, цаг хугацаанд Монгол Улсад нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийг урагшлуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн, өдөр тутмын амьдралын үй түмэн асуудлаас эхлээд өнө хойч, ирээдүй алсыг харсан бодлого, шийдвэрүүдийг батлан гаргаж, хэрэгжүүлэх үүргээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлууд амжилттай, нэр төртэй биелүүлжээ. 

ШАВ ТАВЬЖ, ШАН ТАТСАН НИТХ

Монгол Улсын хүн амын тэн хагасаас илүү нь оршин сууж буй нийслэл Улаанбаатар хотын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ үүх түүх, үйл ажиллагаагаараа бусдадаа үлгэр жишээ, загвар жишиг болно. НИТХ өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар түүхийг бүтээж, ямар замналыг туулж өнөөдөрт хүрэв гэдэг асуулт Улаанбаатар хот 1992 онд ямаршуухан байр байдалтай байв, 2022 онд ямар өнгө төрхтэй болов гэдэгтэй агаар нэг юм. Хамгийн наад зах нь хүн ам, нутаг дэвсгэрийн хувьд л гэхэд 1992 онд Улаанбаатар хот 700 мянга гаруй хүн амтай байсан бол эдүгээ 1.6 сая оршин суугчтай болж дэлхийн саятан хотуудын эгнээнд хэдийнэ багтаад байна. Хүн ам хоёр дахин өснө гэдэг хотын эдийн засаг, нийгмийн хөгжил тэр хэрээр хурдасна гэсэн үг. Түүнчлэн төвлөрөл, суурьшил, түүнээс үүдэн гарах тулгамдсан асуудлууд хоёр дахин нэмэгдэнэ гэдэг нь ч ойлгомжтой. НИТХ 1992 онд анх эмхлэн байгуулагдсаныхаа дараа эн тэргүүнд нийслэлийн нутаг дэвсгэрийг тэлэх шаардлагатай гэж үзэн Төв аймгийн удирдлагуудтай яриа, хэлэлцээ хийж үр дүнд хүрснээр Улаанбаатар хотын өнөөгийн хил хязгаарыг шинэчлэн тогтоож чадсан байдаг. Энэ бол нийслэл хотынхоо ойрын ирээдүйг оновчтой, зөв олж харсан шийдвэр байсан гэдэгтэй маргах хүн өнөөдөр нэг ч үгүй биз. Ардчилсан нийгмийн суурь, шавыг тавьж, ханыг нь шийрлэж, унийг нь өлгөсөн анхны НИТХ 72 төлөөлөгчтэй байв. Тухайн үед нийслэл Улаанбаатар хот 12 дүүрэг, 119 хороотой байжээ. 1992 он бол зах зээлийн эдийн засагт шилжсэн шилжилтийн хамгийн хүнд хэцүү үе. Нийслэлийн иргэд талх, гурил, будаанаас эхлээд хүнсээ картаар авдаг байв. Ганц хүнсний хангамжийн асуудал ч бус нийслэлийн нийгэм, эдийн засгийн олон хурцадмал асуудлыг шийдэх, бодлогын баримт, бичгүүдийг гаргахаас эхлээд олон том сорилт анхны НИТХ-ын өмнө тулгарчээ. Шилжилтийн үе, шинэ тулгар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэл. Ийм цаг үед их хотын ажил, амьдралыг тусгай горим, журам, хуваариар зохицуулж байсан гэдгийг НИТХ-ын анхны дарга Ж.Ядамсүрэн хэлсэн нь бий. 

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулж, нийслэл хот өөрийн нутаг дэвсгэр, эдэлбэр газар, туг, сүлд, тэмдэглэлт өдөртэй болсон нь хотын анхны парламентын том ажлын нэг. Өмч хувьчлалын ажлыг гараанаас нь хөдөлгөж, иргэд хувийн өмчтэй, орон сууцтай, эдийн засгийн эрх чөлөөтэй болсон нь 1992-1994 оны онцлох үйл явдал. Энэ бол анхны байнгын ажиллагаатай парламент УИХ, анхны нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага НИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлсэн он жилүүд байв. Анхны бүхэн алдаа, оноотойгоо түүх болон үлдэж. Алдсанаас оносон нь их, буруугаас зөв нь олон байсан нь он цагийн уртад тодорч буй. Энэ үг үе үеийн НИТХ-уудад ч хамаатай. Өнгөрсөн 30 жилд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа найман удаагийн хурлын байгууллагууд бүтэц, бүрэлдэхүүн болон үйл ажиллагаа, гаргасан шийдвэр, үр дүнгийн хувьд өөр өөрийн онцлогтой. 

ХАГАС ЖАРНЫ БҮТЭН ТҮҮХ 

 Анхны НИТХ өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, иргэд орон нутагтаа эзэн байх Үндсэн хуулийн тунхаглалыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарсан бол 1996-2000 онд ажилласан НИТХ-ын үед Аймаг, нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуулийн тухай хууль батлагдаж, уг хуулийн дагуу орон нутгийн сонгуулийг зохион байгуулах болсон юм. Мөн нийслэлийн өмчийг тодорхой болгон бүртгэлжүүлж, нийслэл хотын эдийн засгийг сайжруулахад анхааран “Улаанбаатар” банк, “Улаанбаатар” санг байгуулах шийдвэрийг гаргажээ. 2004-2008 оны хооронд НИТХ-аас иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх, өрхийн эмнэлэг, хороо, цагдаагийн хэсгийг нэгтгэсэн цогцолборуудыг байгуулах, хотын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг чухал шийдвэрүүд гаргаж байв. 2012-2016 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн зургаа дахь НИТХ нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд дорвитой шийдвэрүүд гаргасан байдаг. Тухайлбал, авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчих, авто машинууд дугаарын хязгаарлалтайгаар зорчих шийдвэрийг энэ үед гаргасан. Мөн Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, уулзваруудыг шинэчлэх зорилгоор “Гудамж” төслийг хэрэгжүүлж эхэлсэн, нийтийн тээврийн үйлчилгээнд смарт картын системийг анх нэвтрүүлсэн зэрэг нь НИТХ-ын шийдвэрээр хэрэгжсэн ажлууд. Мөн нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх шийдвэрийг НИТХ 2013 оны нэгдүгээр сард гаргаж, анхны 16 байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж байжээ. 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд бүрдсэн НИТХ-ын үед нийслэл, дүүргүүдэд иргэний танхимууд байгуулагдсан нь онцлох ажлын нэг байв. Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудыг шинэчлэн боловсруулах ажил энэ үед эхэлж, өнгөрсөн жил эцэслэн батлагдсан юм. Ийнхүү нийслэл хотын хувьд Үндсэн хууль гэж болох гол хууль 27 жилийн дараа шинэчлэн батлагдсан нь цаг үеийн шаардлага, нийгмийн захиалга байв. Уг хуулийг Нийслэлийн ИТХыг сонгох найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан отгон “парламент” буюу Ж.Батбаясгалан даргатай 45 төлөөлөгч гардан боловсруулж, хэлэлцүүлэн эх барьж авсан юм. Энэ бол эдүгээ бүрэн эрхээ хэрэгжүүлж буй НИТХ-ын хувьд нийслэл Улаанбаатар хотын дараагийн шинэ арваны түүхийг бичих өндөр хариуцлага, бас үүрэг гэж болно. Дээр дурдсан хуулиар төвлөрлийг сааруулах зохицуулалтыг хийж, орон нутагт эрх мэдлийг нь шилжүүлсэн төдийгүй нутгийн удирдлагын оновчтой тогтолцоо бүрдсэн. Мөн нийслэл хот болон есөн дүүрэг бие даан хөгжих хууль эрх зүйн  орчин бий болоод буй юм. Энэ бүхний дүнд нийслэл Улаанбаатар хот өөрийн гэсэн хууль, эрх зүйн орчинтой, нутгийн өөрөө удирдах ёсыг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх боломжтой, бие даасан эдийн засагтай, дагуул хот, суурингуудтай орчин үеийн метрополитан хот болон хөгжих сууриа тавив. Агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг хүндрэлтэй асуудлуудад зөв, ухаалаг бодлого, оновчтой шийдэл гаргах нь НИТХ-ын нэг үүрэг. Сүүлийн 10 гаруй жилийн турш яригдаж, хэдэн арван тэрбум төгрөг зарцуулаад үр дүнд хүрээгүй байсан агаарын бохирдлыг дөрвөн жилийн өмнөөс эхлэн 50 хувиар бууруулсан, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой алхам хийсэн зэрэг нь иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдралын чанарыг сайжруулах чиглэлд хийж буй ажлууд юм. Ардчилсан шинэ нийгмийн тогтолцоо бүхий нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байгуулагдсанаас хойших 30 жилийн босгон дээр НИТХ бодлогын баримт бичгүүдээ шинэчлэн баталж, нийслэл хотод эдийн засгийн шинэ сэргэлт хийх эх хөрсийг нь бэлтгэсэн гэж болно. Тухайлбал, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд онц чухал ач холбогдолтой бодлогын баримт бичиг, хөгжлийн хөтөлбөрүүд буюу Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн дунд хугацааны төлөвлөлт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг бодлогын томоохон баримт бичиг, суурь концепциудаа хэлэлцэн батлаад байна. Хагас жарны түүхээ бичсэн НИТХ тухайн цаг үетэйгээ нийцсэн, нийгмийн шаардлага, цаг үеийн өөрчлөлт, ажил амьдралын хэрэгцээ, ирээдүйн төлөвлөлттэй уялдсан олон чухал шийдвэр гаргаж иржээ. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага НИТХ “Өчигдрөөс өнөөдөр, өнөөдрөөс маргааш” гэсэн гурван цагийн хэлхээнд үйл ажиллагаагаа явуулсаар дараагийн 30 жилийнхээ түүхийг бичиж эхэллээ. Хотын парламент хөгжлийг ойртуулахын тулд холыг харж байна.

Сэтгүүлч: Г.СОНИНБАЯР
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.

Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:

  • БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
  • "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
  • Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
  • Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
  • Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
  • Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
  • Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Н.Учрал: “Smart Selbe City” зорилтот бүлэгтээ хүрэх ёстой

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай 2026 оны долоодугаар сарын 28-ны өдөр танилцав. Тус төсөл нь Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсвгэрт нийт 158 га газарт хэрэгжиж байна.

Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээнд загвар болох уг төслийн талбайд, 

-113 блок, 8,575 айлын орон сууц

-5,780 суудалтай 5 сургууль

-1,520 суудалтай 8 цэцэрлэг

-4 өрхийн эмнэлэг, соёлын цогцолбор, спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна.

Бүтээн байгуулалтад 7 ерөнхий гүйцэтгэгч ажиллаж, зарим хэсэгт 9 болон 12 давхрын угсралт дуусаж, цонхоо суурилуулж эхэлжээ. Барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер техникийн ажилтан, 70-80 орчим машин механизм ажилладаг бөгөөд бараа, материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд юм. Газар чөлөөлөлт 96 хувьтай байна.

Бүтээн байгуулалтын явц  36.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2027 онд орон сууцны хэсэг, 2029 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, олон нийтийн бүсэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог бодлогоор дэмжинэ гэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн ажлыг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд холбогдох яам, тамгын газар, Нийслэлийн Засаг дарга болон “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-д дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:

-Мкв-ийн үнийг бууруулах. 5.000.000 төгрөгөөр зорилтот бүлэгт хүрэхгүй учраас нийслэл үнэ бууруулах шийдлээ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулах

-Борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулах. Ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглах, борлуулалтын үе шатанд төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулахыг тэргүүлэх чиглэл болгох

-Засгийн газраас Сэндбоксийн журмыг баталж өгнө. “Смарт Сэлбэ сити” бүх үйл ажиллагаандаа ухаалаг шийдлийг дүрэм журмын хүрээнд саадгүй нэвтрүүлэх

-Эдийн засгийн тусгай бүс болгож, хувийн хэвшлээ дэмжих зэрэг асуудлууд багтжээ.

“Смарт Сэлбэ сити” төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болох урьдчилсан тооцоо гарчээ.  Бүтээн байгуулалтын дүнд 45 мянган иргэн орон сууцанд орж, орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана. Мөн 16 мянган ажлын байр бий болно. 15,600 янданг буулгаж, нүүрсний хэрэглээ жилд 7,500 тн-оор багасна. 12,000 нүхэн жорлон устаж, хөрс, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, автомашины хөдөлгөөний ачааллыг багасгахаар тооцоолжээ.

2024 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг Ерөнхий сайд Н.Учрал ахалж батлуулсан бөгөөд хот нь мэдээллийн технологид суурилсан, ухаалаг, ил тод байдлыг дэмжиж, иргэдийн оролцоог хангасан орчин үеийн байдлаар хөгжих боломжийг нээжээ. “Сэлбэ смарт сити” төсөл нь дээрх боломжийг шууд тусгасан буюу хот төлөвлөлтийн шинэ үеийн загварыг тодорхойлох, иргэн бүрийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой орчинд шийдвэрлэх боломж бүрдүүлсэн, амьдрахад таатай иж бүрэн хотын бүтээн байгуулалт юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох