Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн эмэгтэй парламентчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны гуравдугаар сарын 08-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын Их Хуралд сонгогдон ажиллаж байсан болон одоо ажиллаж буй Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол төрийг эрдэм ухаан, ард түмнийхээ итгэл хүндлэл, хамгийн гол нь эхийн сэтгэлээр түшиж байсан, түшиж яваа, үе үеийн эмэгтэй парламентчиддаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ны баярын мэнд дэвшүүлээд, НҮБ-аас энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн сэдвийг “DigitАll: Innovation and technology for gender equality” буюу “Инновац, технологиор хүйсийн тэгш байдлыг хангах” уриан дор тэмдэглэж байна. Дэлхий дахинаа хэрэглэгдэж байгаа хиймэл оюун ухааны системийн аналистууд энэ салбарт 44 хувийн хүйсийн ялгаварлан гадуурхалт байгаа, мөн 125 улсын эмэгтэй сэтгүүлчдийн дунд хийсэн судалгаагаар 73% нь ямар нэгэн байдлаар цахим хүчирхийлэл заналхийлэлд өртдөг гэсэн дүн гарсан байна. Нөгөө талаар технологи, инновацаар дамжуулан эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах олон чухал дэвшил гаргах боломжтой. Иймд энэ жил цахим орчныг илүү хүртээмжтэй, тэгш, аюулгүй байлгахад анхаарахыг уриалсныг дурдав. Манай улсад ч гэсэн цахим орчин дахь гадуурхалт, дарамтад эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг. Иймээс нийгэм улс төрийн манлайлагч,  улстөрч, төрийн зүтгэлтэн эмэгтэйчүүддээ цахим орчин дахь эмэгтэйчүүдийн гадуурхалт, аюулгүй байдлын асуудалд нийгмээ зөв тийш хөтлөх, энэ үйл хэргийг үлгэрлэн манлайлахад хувь нэмрээ оруулж ажиллахыг уриаллаа.

2023 оны зургадугаар сарын 13, 14-ний өдрүүдэд “Алтай дамнасан Зүүн хойд Азийн тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд уг уулзалт “Тогтвортой хөгжлийн зорилт-5” буюу нийгэм, эдийн засгийн харилцаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүйсийн тэгш байдлыг хангах сэдвийн дор болно. Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, эмэгтэйчүүдийн боловсрол, гэр бүлийн хүчирхийлэл ба аюулгүй байдал зэрэг сэдвээр Зүүн хойд Азийн улсуудын төлөөлөл хамтран ярилцаж, туршлага мэдлэгээ хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд улс төрч, шийдвэр гаргагчид болон олон нийтийн анхаарлыг энэ сэдэвт хандуулах юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийнхээ оролцоо, манлайллыг улс төр болон төр, засгийн байгууллага, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх талаар онцгойлон анхаарсаар ирсэн. Сүүлийн хоёр парламент буюу 2016-2020, 2020-2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь манай парламентын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа. Гэхдээ энэ тоо чамлалттай, цаашид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлаас онцгой анхаарч, энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй Улс төрийн намын тухай хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд жендэрийн тэгш байдлыг хангахтай холбоотой илүү дэвшилтэд зохицуулалтыг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Хүндэтгэлийн уулзалтад оролцсон Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын даргын дэргэдэх “Эмэгтэй парламентчдын зөвлөл”-ийн дарга С.Одонтуяа хэлсэн үгэндээ, үе үеийн эмэгтэй парламентчдын туршлагыг хуваалцах, түүхийг баримтжуулах, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудалд Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Эмэгтэй парламентчдын анхдугаар зөвлөгөөнийг хэдхэн сарын өмнө бид зохион байгуулсан юм. Энэхүү анхдугаар зөвлөгөөний дараа Улсын Их Хурлын даргын захирамж гарч, Улсын Их Хурлын даргын дэргэдэх “Эмэгтэй парламентчдын зөвлөл” байгуулагдсаныг энэ баярын өдөр дуулгахад таатай байна гэлээ.

Туршлага бол чухал хүчин зүйл гэдэг нь Эмэгтэй парламентчдын анхдугаар зөвлөгөөний үеэр тод харагдаж байсан. Учир нь үе үеийн Улсын Их Хуралд сонгогдон ажиллаж байсан Та бүхэн маань анхдугаар зөвлөгөөний үеэр санал бодлоо илэрхийлсэн нь өнөөдөр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бидэнд үнэтэй сургамж, зөвлөгөө болсон юм. Улсын Их Хурлын даргын дэргэдэх “Эмэгтэй парламентчдын зөвлөл” байгуулагдсан нь улс төрч эмэгтэйчүүд, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн үгийг зөвхөн баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд гэлтгүй цаашид олон арга хэлбэрийн үйл ажиллагааг зохион байгуулж, сонсож байх бүтэц, суурь бүрдэж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл дурдаад улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны үзүүлэлт дэлхийн түвшинд 25 хувь, Ази тивийн хувьд 21.5 хувьтай байна. Манай орны хувьд энэхүү үзүүлэлт 17 хувь байгаа нь Ази тивийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй дээгүүр үзүүлэлт боловч энэ үзүүлэлтийг ахиулах шаардлагатай байгаа гэлээ.

Байнгын ажиллагаатай парламентын 33 жилийн түүхэнд 8 удаа Улсын Их Хурлын сонгууль болж, нийт 43 эмэгтэй давхардсан тоогоор 68 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, ард түмнийхээ элч болон ажилласан бөгөөд энэхүү 30 гаруй жилийн хугацаанд анх нийт Улсын Их Хурлын гишүүдийн 3.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан бол сүүлийн хоёр удаагийн Улсын Их Хурлын сонгуулиар нийт гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд болон нэмэгджээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.

Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.

Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.

Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох