Шударга мэдээ
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх дөрөвдүгээр сард агаарын дундаж температур говь талын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, Говийн аймгуудын зарим сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна, ялангуяа төв болон зүүн зүгийн нутгаар эрс хүйтэн байх магадлал өндөр байгаа хоёр болон гуравдугаар арав хоногуудад үе үе агаарын муудалт ажиглагдаж, ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, Хур тунадас Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар 1-4°С–аар дулаан байх төлөвтэй байна. Хоёр болон гуравдугаар арав хоногт үе үе агаарын муудалт ажиглагдах ба ялангуяа хугацааны дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16-18 м/с, зарим үед 20-222 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийнорчим байх бол Өвөрхангай аймгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх магадлалтай байна. Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох магадлалтай байна . Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур эрс хүйтэн байх магадлал өндөр байгаа ба цаашлаад нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-4°С–аар хүйтэн, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна.Хоёр болон гуравдугаар арав хоногт үе үе агаарын муудалт ажиглагдах ба ялангуяа хугацааны дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаанбайх бол Хэнтийн уулархаг нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадас Хэнтийн нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Сарын эхээр нийт нутгаар агаарын температур эрс хүйтэн байх магадлалтай байгаа ба цаашид хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С–аар дулаан байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорноговийн ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа ба цаашид нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр олон жилийн дунджаас 1-4°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
-
Шударга мэдээ2020/02/12
Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина ...
-
Улстөр нийгэм2022/10/26
УИХ: Байнгын болон дэд, түр хороод өнөөдөр хуралдана
-
Цаг үе2021/12/06
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж "Тайван инээмсэглэл" шүдний кабинет н...
-
Цаг үе2024/02/26
Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуу...
