Улстөр нийгэм
ЗГ: Ж.Таныг Оюутолгой ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүллээ
Засгийн газар Жамбалдоржийн Таныг Оюутолгой ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүллээ.
Ж.Тана нь АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэсэн. Харвардын их сургуулийг 2011 онд эдийн засагч мэргэжлээр төгсөж Зүүн хойд Ази судлал, хятад хэлээр мэргэшсэн. 2012-2013 онд Куинсландын их сургуульд байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр сургалтад хамрагдаж, 2015-2016 онд Оксфордын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан байна.
Тэрбээр,
2011-2012 онд Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австраль дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээч,
2012-2013. Онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч,
2013-2015 онд Оюу Толгой компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр тус тус ажиллаж байсан. Энэ хугацаандаа хамгийн үр дүнтэй гэж үздэг төсөл нь уурхайн төслийн талбай дахь нийт ажилчдын ажлын хуваарийг 28 хоног ажиллаж 14 хоног амардаг байсныг 14/7 болгох төслийг зоригтой санаачлан хэрэгжүүлсэн.
Түүнчлэн Ж.Тана нь 2011 оноос "Монголын залуу оюутан хөтөлбөр" буюу Mongolian Young Scholars Program- ийг анх санаачлан үүсгэн байгуулж жил бүр Монголын 30 шилдэг ахлах ангийн сурагчдыг шалгаруулан гадаадын шилдэг их дээд сургуулиудад хэрхэн шалгарч элсэн орох талаар үнэ төлбөргүй сургалтад хамруулан сургадаг бөгөөд үүний үр дүнд эдгээр сурагчдаас Харвард, Станфорд гэх мэтийн дэлхийн олон шилдэг сургуулиудад нилээд олон Монгол залуус элсэн суралцаж байна. Монголын ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг АНУ болон гадаадын шилдэг их, дээд сургуулиудад суралцах боломжийг нээх, Монгол залуусаа хэрхэн дэлхийн хэмжээний өндөр боловсролыг эзэмшүүлэх зорилго бүхий энэхүү хөтөлбөр нь өдгөө Зориг сантай хамтран амжилттай хэрэгжиж байна. Мөн тэрээр Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы " Глобал Шэйпэрс" нийгэмлэгийн Улаанбаатар болон Оксфорд дахь гишүүн юм.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
