Цаг үе
Нийгмийн салбарын нэгдсэн өдөрлөгийн үеэр зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос авах боломжтой
Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, олон нийтэд нэг дороос хүргэх зорилгоор “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. НЗДТГ-аас санаачилсан тус өдөрлөгт Нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар, Улаанбаатар театр, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан зэрэг 20 байгууллага оролцож, мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэж байгаа юм.

Тухайлбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газар амны хөндийн үзлэг хийн, мэдрэл, хараа шалгаж, эрүүл зөв хооллолт болон эрт илрүүлгийн талаар зөвлөгөө өгч байна. Харин Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэж буй иргэдэд зөвлөгөө өгөх, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цахимаар авах хүсэлт илгээх талаар мэдээлэл хүргэж буй юм. Мөн Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжид сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл өгч, гадаад улсаас шилжин суралцаж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн боловсролын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх үйлчилгээ үзүүлж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн нийгмийн салбарын бүх байгууллага тус өдөрлөгт оролцож буйгаараа онцлог. Иргэд мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой гэсэн үг. Төрийн байгууллагууд иргэдтэй ойр байж, мэдээлэл, үйлчилгээгээ хурдан шуурхай хүргэх хэрэгтэй. Иргэд хэрэгцээт зөвлөгөө, мэдээлэл авахаас гадна өргөдөл гомдол хүргүүлж, шийдвэрлүүлэх, нийслэлд хэрэгжиж буй нийгмийн салбарын төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах боломжтой” гэлээ.

Улаанбаатар театр ОНӨТҮГ-ын маркетингийн ажилтан А.Алтаншагай “Манай хамт олон “Дэлхийн мод” синтез жүжгийг тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 10-ныг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд толилуулахаар бэлтгэж байгаа. Тиймээс өнөөдрийн өдөрлөгт тус жүжгийн талаар хүүхэд залуус, эцэг эхчүүдэд танилцуулж байна. “Дэлхийн мод” жүжиг нь дуу, бүжиг, хөгжим, жүжиг, цирк хосолсноороо онцлог” хэмээв.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Бид эцэг эхийн оролцоог дэмжсэн, “Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн аяныг эхлүүлсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд “Байгууллага бүр эцэг эхийн зөвлөлтэй байна” хэмээн заасан байдаг. Уг заалтыг иргэдэд сурталчлан таниулах үүднээс QR хэлбэрээр мэдээлэл түгээж байна. Мөн байгууллага бүрд тав хоногийн турш идэвхжүүлэлтийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөгийн санаачилгаар нийслэлийн их, дээд сургуулийн оюутан, залуустай цуврал уулзалт хийсэн. Уг уулзалтын гол зорилго бол оюутан, залуусын нийгмийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх байсан. Тэр ч утгаараа эхнээсээ үр дүнгээ өгч, анагаахын чиглэлээр суралцдаг оюутнууд зорилтот 1000 өрхөд зөвлөгөө өгөн, үзлэг хийхээр болсон” гэв.

Тус өдөрлөг өнөөдөр, маргааш буюу дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

Цаг үе
Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ
АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.
Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.
Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.
Цаг үе
АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ
АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.
Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.
Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.
Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.
Цаг үе
“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.
Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.
Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.
-
Улстөр нийгэм2023/04/21
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Виктория Нуландыг хүлээн авч уулзав
-
Улстөр нийгэм2021/07/01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийг дэмжин ажиллана
-
Улстөр нийгэм2022/06/07
Гялсбанкаар зургаан гүйлгээ хийгээд iPhone13 утасны эзэн болоорой
-
Улстөр нийгэм2021/12/13
Хилийн цэсийн маргааныг 24-р тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар шийдвэрлэхи...
