Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

С.Одонтуяа: Эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, онцгой байдлын нэмэгдэл олгохыг ШААРДАЖ байна

Огноо:

,

Нийслэлийн Онцгой Комиссоос 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сайжруулсан түлштэй холбогдуулж “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан. Үргэлжлээд корона вирус гарч Дүүргийн Онцгой Комиссын гишүүд 175 хоног буюу хагас жил орчим онцгой байдалд ажиллаж байна. Өдөр шөнө, цаг хугацааг ялгалгүй ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилтан, цагдаа, мэргэжлийн хяналт, хороод, шуурхай алба, онцгой комиссын бүх гишүүддээ баярлалаа! Зөвхөн Баянгол дүүрэг ч биш нийт монголчууд цар тахлыг хазаарлах, аюулт өвчнөөс сэргийлэхийн төлөө хамтдаа зүтгэлээ. УОК,ДЭМБ, ЭМЯ- наас гаргасан анхаарал сануулга, зөвлөмж, хорио цээрийн дэглэмийг чандлан сахисаар ирсэн ард иргэддээ талархаж байна. Үүрэг хариуцлагаа ухамсарлан, сахилга дэг журмыг сахиж өдөр тутам олох орлогоо алдсан ч өнөөдрийг хүртэл тэвчиж буй бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагын хамт олон, удирдлагууддаа баярлалаа.

Хүнд нөхцөл, хорио цээр, хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Орон нутгийн удирдлагуудын зүгээс өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан чадах бүхнээ хийж байгаа ч цаашид нөхцөл байдал улам хүндэрч, хяналтаас гарах өндөр эрсдэлтэй байна. Олон улсын шинжээчид цар тахлыг дайнтай зүйрлэхүйц аюултай болохыг анхааруулж, буурьтай хандах, сөрж гарахыг уриалсаар байна. Гэтэл манай Засгийн Газарт ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих, иргэдийнхээ орлогыг хамгаалах санаачилга огт гаргахгүй ,тоомжиргүй шинжтэй байгаа нь бидний сэтгэлийг зовоосоор байна. Импортоос ихээхэн хамааралтай хүнс, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хэзээ мөдгүй дундрах нь тодорхой. Иргэд цалин орлогогүй, бизнес эрхлэгчдийн чадамж суларсаар удаж байна.

Гэтэл эрх баригчид асуудалд гал унтраах төдий хандаж, улс орны ойрын ирээдүйг төсөөлөх, харах сөхөөгүй байгаа нь тодорхой харагдлаа. Дэлхийн улс орны Засгийн Газрууд бизнесийг хамгаалах, ажлын байрыг хадгалахын төлөө өөрсдөөсөө хамаарах бүх шийдвэрийг шуурхай, зоригтойгоор гаргаж байна. Гэтэл манай Засгийн Газар банкны зээлийн хүү, төлбөрийг хойшлуулах, хугацаа хэтэрсэн татварын торгуулийг цуцлахаас хэтэрсэнгүй. Уучлаарай, гаргасан шийдвэр чинь байгаа онохгүй, айл өрх рүү чиглэхгүй иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, ажлын байрыг хадгалах боломжийг өгөхгүй байна.

Түрээслэгчдийн нөхцөл хүндэрч, үйлчилгээ эрхлэгчид хаалгаа барьж олон мянган иргэд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байхад юу хараад суугаад байна вэ? Ажилгүйдэл нь орлогогүй айл өрхийг олноор нэмэгдүүлж, ядуурал өлөн зэлмүүн амьдралыг даллах нь тодорхой боллоо.Хүнсээ граммлан авдаг иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Иймд иргэдийнхээ болон , ажил олгогчдын өмнөөс эрх баригчдад хандан дараах шаардлагуудыг тавьж байна.

Үүнд:

НЭГ. Шаардлагагүй , хугацаа нь болоогүй хөрөнгө оруулалтын төсвийг хасах, хойшлуулах, танах замаар ажлын байрыг хадгалж үлдээхэд чиглэсэн төсвийг яаралтай шийдвэрлээч ээ!

ХОЁР. Цар тахлын тэргүүн фронт дээр өдөр, шөнийг үл ялган ажиллаж байгаа эмч,эмнэлгийн ажилтан, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын ажилтнуудын цалин хөлсийг нэмэх, онцгой нөхцлийн нэмэгдэл олгохыг шаардаж байна. 6 сар гамшгийн голомтонд ажиллуулчихаад нэг ч төгрөгний нэмэгдэл өгөөгүй хэрнээ яам, тамгын газрын түшмэдүүдийн цалинг нэмснийг сонсоод нүүрээ хийх газар олдсонгүй. Цалингийн нэмэгдлийг дээрх ажилтнуудруугаа чиглүүлж өгөөч ээ!

ГУРАВ. Цар тахлын аюулыг дутуу үнэлж, тун удахгүй арилчих мэтээр төсөөлж, дүгнэж байгаагаа зогсоож, онцгой байдал үүсээд байгааг хүлээн зөвшөөрч зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлээч ээ!

ДӨРӨВ. Урт хугацаанд учрах эрсдэл, хямралын үед иргэдээ хамгаалахад бүх нөөц, боломжийг чиглүүлж, шаардлагатай хөрөнгө, санхүүг дайчлах, арга хэмжээг яаралтай төвлөрүүлээч ээ!

ТАВ. Цар тахал намжсаны дараа эдийн засгийг богино хугацаанд хэвийн түвшинд оруулахын тулд одооноос үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бүх боломжийг судалж нөөцөө шавхаж, эдийн засгаа хамгаалах нь улсаа, иргэдээ хамгаалах цор ганц арга болчихоод байна. Тийм учраас цалин, тэтгэврийг баталгаатай өгөхийн тулд ажил олгогчдоос нийгмийн даатгалд төлдөг шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг цар тахал өнгөртөл цуцалж ажил олгогчдод амьсгал авах боломж олгох шийдвэрүүдийг яаралтай гаргаач ээ!

Улс орнуудын жишгээр иргэдээрээ дамжуулж жижиг, дунд бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихгүй бол цалин, орлогогүй болсон иргэд хөл хорионы дэглэмийг удаан сахиж чадахгүйд хүрэх нь. Учир нь тэд үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө ямар ч аргаар хамаагүй гадагшаа гарах, ажил орлого хайх нь тодорхой. Ингэснээрээ халдвар авах эрсдэлд өртөх магадлал өндөр болох аюултай. Эрх баригчид шаардлагагүй хөрөнгө оруулалтын төсвөө танаж улс орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж шуурхай ажиллахыг уриалж байна.

Эрсдлийн үед шаардлагатай хөрөнгө босгохын тулд дотооддоо болон гадаадад тусгай бонд гаргах боломжийг ч эрх баригчид судалж үзэх ёстой болоод байна. Иймээс Улсын Их Хурал, Засгийн Газрыг цар тахлын үед ажиллах бодлогыг яаралтай боловсруулж, шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхийг шаардаж байна!

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА САЛДАНГИЙН ОДОНТУЯА
/2020.03.26/

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа.

Тус төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.

Эрчим хүчний яам болон Монгол-Оросын хамтарсан экспертийн ажлын хэсгээс төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа. Уг төсөл Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн шалтгаанаар олон жил гацсан. 

“Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна. 

Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ.  Салбарын сайд нар төслийг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд судалгааны ажлуудад шаардлагатай санхүүжилтийг тухай бүр шийдвэрлэн ажиллахаа илэрхийлсэн юм.

Төслийн нөлөөллийн бүс дэх  иргэд буюу Хантай, Баянгол багийн иргэд энэхүү төслийг ажил хэрэг болохыг 35 жил хүлээсэн,  бүрэн дүүрэн дэмжиж байгаа, уг төслийг урагшлуулахын тулд төлөө ажиллаж Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжихээ хэлж байлаа. 

Мөн иргэд энэ уулзалтын үеэр өөрсдийн санаачилсан орон нутгийн хөгжлийг дэмжих, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хантай” цогцолборын төслөө Ерөнхий сайд танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр Эгийн голын УЦС төслийг бүс нутагтаа хэрэгтэй, нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэгдүгээрт эрэмбэлснийг дурдаад улс орны эдийн засагт ач холбогдолтой мега төслийг нэгдсэн ойлголтоор дэмжиж байгаа нутгийн иргэдэд талархал илэрхийлэв. Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Огноо:

,

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.

Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн

Огноо:

,

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, Төлөөлөгч Б.Золзаяа, Э.Хулан, Э.Одонтуяа нар УСУГ-т ажиллалаа. Өдгөө 66 жилийн, 1900 гаруй ажилчинтай тус байгууллагын жаргал, зовлон нийслэлчүүдэд шууд хамаатай.

Ундны ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээ, усны ухаалаг хэрэглээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн, найдвартай ажиллагаа, Улаанбаатар хотын ус хангамжийн сүлжээг хянах, удирдах зэрэг асуудлыг хариуцан шийдвэрлэдэг УСУГ-ын үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, ирээдүйн зорилтыг онцлон Ц.Төрхүү дарга мэдээлэл өгч, танилцууллаа.

Тэрбээр, “Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдал, ахуйн болон аюултай хог хаягдлаас болж лагийн хэмжээ хэрээс хэтэрсэн. Энэ бол аюул. Манай тулгамдсан асуудал. Яагаад бэрхшээл вэ гэхээр, Улаанбаатарын хэмжээнд долоон цэвэрлэх байгууламж үйл ажиллагаа явуулж байна. Бид ганц Төв цэвэрлэх байгууламжийг л чухалчлаад яриад байдаг. Гэтэл эдгээр долоон байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллаад хоногтоо хамгийн ихдээ 200-аад мянган метр куб ус хүлээн авах чадалтай. Гэтэл өнөөдөр энэ ачаалал 3-4 дахин нэмэгдчихсэн. Тэр хэрээр лагийн хэмжээ ихсэж байна. Хоёрдугаарт, усны үнэ тариф, татаасын асуудлыг ярихгүй бол шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо ч бид зардлаа даахгүй. Тиймээс ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ, бусад асуудалд анхаарахгүйгээр нийслэлчүүдийн ус хангамж найдвартай боллоо гэж санаа амрах нөхцөл үүсэхгүй” гэв.

НИТХ-ын дарга А.Баяр “Цэнхэр алт болох ус шавхагддаг баялаг. Бодлогын хувьд шийвэрлэх, хамтран ажиллах, зайлшгүй олон нийтэд тулгамдсан асуудлаа танилцуулж ойлгуулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг НИТХ-ын нийт Төлөөлөгчдөд танилцуулахаас гадна “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сурагчдад усны үнэ цэн, ухаалаг хэрэглээг таниулах ажлыг хамтарч эхлүүлье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох