Шударга мэдээ
УОК: 390 мянган тн тэжээл нийлүүлэгдэж байгаа нь шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахаар байна
Улсын Онцгой комисс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Цаг уур, орчны шинжлгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал нар нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.
Энэ жил улсын хэмжээнд нийт 69.1 сая, толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн. Аймгуудын мэдээллээр 17.2 сая толгой малыг хэрэгцээлэхээр төлөвлөсөн нь 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувьтай тэнцүү байна.
Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүй нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн.
Тус тогтоолын хүрээнд аймаг сумын аюулгүй нөөцөд нийт 20.2 мянган тн өвс, 8.0 мянган тн тэжээл бэлтгэж, өвс, тэжээл бэлтгэсэн бол малчдын түвшинд 1.2 сая тн хадлан, 118.5 мянган тн ногоон тэжээл, 61.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 48.1 мянган тн гар тэжээл, 18.6 мянган тн дарш, 81.4 мянган тн давс, хужир бэлтгэсэн нь шаардагдах өвс, тэжээлийн 92.3 хувийг хангаад байна. Мөн газар тариалангаас 111.0 мянган га талбайд тэжээлийн ургамал тариалж 240.0 мянган тн ногоон тэжээл хурааж авсан бөгөөд гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэгдэх 300.0 гаруй мянган тн улаан буудайнаас 80.0 мянган тн хүчит тэжээл үйлдвэрлэгдэж, 70.0 мянган тн буудай тэжээлийн будаа руу шилжиж 2023-2024 оны мал аж ахуйн салбарт 390.0 мянган тн тэжээл нийлүүлэгдэж байгаа нь шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахаар байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн өнгөрсөн сарын 03-ны өдрийн шийдвэрээр бүх төрлийн малын махыг бодлогын гэрээний үндсэнд хязгаарлалтгүй экспортлохоор баталсантай холбоотойгоор 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нийт 12 оронд 260.0 сая ам.долларын өртөг бүхий 70.0 мянган тн мах экспортлоод байгаа юм.
Хэдийгээр хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тодорхой түвшинд хангасан ч монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, нөхцөл байдал хүндэрч байна. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн нийт 22 сум, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг зудтай байгаа бол 8 аймгийн 26 сум зудархуу байна.
Иймд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилт хүндрэх, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, эрсдэлийг бууруулах, иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх төлөвлөлтийг нарийвчлан гаргаж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх, хоол хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, түлш зэрэг гамшгийн бэлэн байдлын нөөцийг орон нутгийн хэмжээнд тодотгож, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх Отроор явж буй малчин өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, тухай бүр тодотгож, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг үзүүлэх, аливаа эрсдэлийг бууруулах арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Улсын онцгой комиссын гишүүд болон аймаг, нийслэлийн Онцгой комисс, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн мал, махны экспортыг нэмэгдүүлэх, баруун аймгуудын малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх, өвс тэжээлийн зах зээлийн нөөцийн судалгааг гаргаж олон нийтийг мэдээллээр хангах, хяналт тавьж ажиллах, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш нэмэгдсэн, зарим аймгийн нутагт мал бэлчээрлэх боломжгүй болсон зэргийг харгалзаж дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох эсэх асуудлыг судалж шийдвэрлэх, аймаг, орон нутгийн удирдлага, мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх зэргээр нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих зэргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Х.Болорчулуун болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн алба
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
-
Улстөр нийгэм2025/05/12
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Үзэл бодол2020/01/02
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ жилийн мэндчилгээ
-
Улстөр нийгэм2021/09/03
ҮАБЗ: Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх төслийг дэмжлээ
-
Цаг үе2021/02/14
Хөл хорионы үед УОК, НОК-ын шийдвэрийг биелүүлж байгаа иргэддээ баярлалаа
