Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монголын Ардчилсан Холбоо Ардчилсан хувьсгалын 34 жилийн ойг тохиолдуулан мэдэгдэл гаргалаа

Огноо:

,

Монголын Ардчилсан Холбооноос ард түмэндээ хандан мэдэгдэл гаргаж, ардчилсан хувьсгалын 34 жилийн болж байгаа ч энэ ойг тэмдэглэж баярлах шалтгаан алга, бид ийм улс орныг хүсээгүй хэмээн онцоллоо. 

Тэртээ 1989 оны 12-р сарын 10-нд ардчиллын анхны цуглаан тухайн үеийн  Хүүхэд залуучуудын Соёлын төв /одоогийн Улаанбаатар чуулга / -ын гадаа болж байсан юм. Өнөөдөр тус газарт Монголын Ардчилсан холбооны дэд дарга П.Нүрзэд, Бодлого, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ж.Цэсэн болон  Ардчилсан холбооны үе үеийн төлөөлөл болсон гишүүд хэвлэл мэдээллээр дамжуулан мэдэгдлийг олон нийтэд хүргэлээ.

Мэдэгдлийг уншиж олон нийтэд сонордуулах үеэр 1989 оны 12 дугаар сарын 10-нд яг энэ газарт өргөж жагсаж байсан лоозонгууд хэвээр байгааг сануулж, хуучин лоозонгуудыг барьж гарч ирсэн байна. Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой тохиож байгаа хэдий ч баярлахаас илүүтэй харуусан алдаа оноогоо дэнслэх учиртай түүхэн цаг үетэй нүүр тулсныг санууллаа.

Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.



МЭДЭГДЭЛ
 
 МоАХ-ны үе үеийн гишүүд, дэмжигчид ээ!

Нийт Монголчууд аа! 

Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой тохиож байгаа хэдий ч баярлахаас илүүтэй харуусан алдаа оноогоо дэнслэх учиртай түүхэн цаг үетэй нүүр туллаа. Цагаан морин жилийн хөр цаснаар хөх туган дор эхлүүлсэн Монголын ардчилал, ард түмний хүсэн мөрөөдөж  зүтгэсэн  тэр нийгэм хаачив аа? 

Монголчууд бид:
-Амьд явах эрхээ алдсан
-Авлигачдын өлмийд бөхийсөн
-Өдөр ирэх тутам үгүйрэн ядуурч, өвчин, өрөндөө баригдсан 
-Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ боомилуулсан
-Бүтээмжит бизнесийн боломжоо хясуулж, нэг улсаас хэт хараатжсан
-Газар, газрын хэвлийн баялгаа гадныханд алдсан 
-Алдагдалтай төсвөөс тэрбумтнууд  төрсөн
-Төрийн сонгуулиа ч шударга явуулж чадахгүй МОНГОЛ УЛСЫГ ХҮСЭЭГҮЙ.

Өнгөрсөн хугацаанд тогтсон олигархи дэглэм Монгол  үндэстний оршин тогтнохуйд  заналхийлээд удсаныг бүрэн ухамсарлах ёстой.  Монгол Улс  авлигын индексээрээ  дэлхийд  2017 онд  103- т орсон бол 2022 оны байдлаар   116-р байранд   бичигдэж сүүлийн таван жилийн дотор авлига нь  хурдтай өсөж буй арван орны нэгээр тодорлоо.   Мөн ардчиллын индекс 2021 онд 61- т байсан бол  2023 онд 77-р байранд ортлоо ухарч дэлхийн хуурамч ардчилалтай улсын тоонд багтсан төдийгүй ардчиллын үнэт зүйл - хэвлэлийн эрх чөлөөний  индексээрээ  88  дугаарт шигджээ.  Дэлхий нийтийн бидэнд өгсөн бодит үнэнтэй нүүр тулж яг одоо шийдвэрлэх алхам хийхгүй  бол цаг үлдсэнгүй. Алгуурлаваас ирээдүй үгүй юм. 
 
Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн нам нэрийн доорх гэмт бүлэглэлүүд өөрсдөдөө зориулж хууль батлах замаар улс орноо, ард түмнээ тонон дээрэмдэж байна. Ийм дээрэмтэй МоАХ хэзээ ч эвлэрч чадахгүй!

Сөрөг хүчингүй шахам өнгөрсөн найман жилийн дотор улс орноо авлигад бүрэн автуулж, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж, тусдаа авлигын шүүх байгуулахаар зүтгэж, эх орныхоо газар шороог гадныханд 100  жилээр эзэмшүүлэх хууль санаачлан батлуулах гэсэн МАН-ын олон гэмт үйлдлийг МоАХ хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй! 

1992 оноос хойшхи 8 сонгуульд 5 удаа ялсан МАН  Монгол Улсын Үндсэн хуульд заасан  иргэдийн үзэл бодлын сайн дурын  нэгдлийн мөн чанараа аль хэдийнээ гээж, бохир мөнгөөрөө сонгуулийн үр дүнг өөрчлөн, ардчиллын нэр хүндийг гутааж жигшүүлэх зорилгоор сөрөг хүчнээ худалдан авч удирдлагад нь гэмт хэрэгтнүүд  томилж, ёс суртахуунаа уландаа дэвслээ. МАН эцэстээ  тоглоомын улс төрийн хүчин захиалж,  ард түмнээ хуурч мэргэшжээ.  
Монгол Улс өдөр ирэх тусам доройтож, үнэнийг илчилсэн бүхэн адлагдан шоронгийн хаалга татаж, шударга ёс гудамжинд суугаа өнчин хүүхэд мэт цурхиран уйлж, эцэг өвгөдийн ариун голомт үнсээ хийсгэсэн мэт хөсөр хаягдахыг ардчиллын эцэг, Монгол Улсын баатар - МоАХ хэрхэвч  хүсэхгүй!

Эртний их түүхтэй, эрхэт төртэй Монгол Улсын маань мандан буурах мөч бүртээ  үндэсний үзэлд зангилагдан  нэгдэж ирснийг бид мартаагүй. Тиймээс эх орон, элгэн түмнээрээ уруудан доройтож яваа энэ цаг дор алтан соёмбот хөх туган дороо нэгдэж эх орноо олигархиудаас  хамгаалахыг  үе үеийн ардчилагч нартаа, ард түмэндээ  хандан  уриалж байна.  Олигархи дэглэмийг халж улс орноо өөд нь татахаар сэрж нэгдэцгээе!  “Олны хүч оломгүй далай ” гэсэн ардынхаа мэргэн үгийг санахтун. 

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.    
 
УДИРДАХ ЗӨВЛӨЛ”
 
Мөн 1989 оны 12 дугаар сарын 10-нд тавьж байсан  14 шаардлагууд өнөөдрийг хүртэл ихэнхи нь хэрэгжээгүй байгааг санууллаа. Энэхүү 13 шаардлагыг эргэн сануулахад :
 
Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монголын Ардчилсан холбооны гишүүдийн цуглаанд оролцогчдоос МАХН-ын төв хорооны VII  бүгд хурал, БНМАУ-ын Ардын Их Хурлын VIII чуулганд өргөн барих бичиг
Улаанбаатар                                                             1989 оны12 сарын 10

Цуглаанд оролцогчид бид МАХН-аас дэвшүүлсэн  өөрчлөн байгуулалтыг бүрэн дүүрэн дэмжиж энэ үйлсэд чин сэтгэлээсээ мэдлэг чадварынхаа хэрээр хүчин зүтгэхийг илэрхийлэхийн хамт өөрчлөн байгуулалт шинэчлэлийн явц, тус улсын нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, цаг үеийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагыг хангахгүй байгаад сэтгэл гүнээ зовниж буй учир дор дурдсан зүйлүүдийг Монголын Ардчилсан холбооны улс төрийн шаардлага болгон дэвшүүлж байна. Үүнд:

А. БНМАУ-ын Үндсэн хуулинд дараахь өөрчлөлтийг оруулах,

1. Намаас төр засгийн үйл ажиллагааг шууд удирдан чиглүүлэх замаар нөлөө үзүүлэх явдлыг зогсоож  тус улсын улс төрийн амьдралыг олон намын системийн үндсэн дээр зохицуулах зарчмыг хууль эрхийн баталгаатай болгож АИХ-аас намын тухай хууль боловсруулан гаргах.
2. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон хүн ард иргэдийн дархан эрхийг төр, засаг намын үйл ажиллагаанд дээдлэн хүндлэх зарчмыг хатуу мөрдүүлэх.
3. БНМАУ-ын АИХ-ыг байнгын ажиллагаатай парламентын хэлбэрт оруулж түүний дэргэд хүний эрхийг хамгаалах ардын сонгуульт зөвлөл байгуулах
4. Үндэсний эрх ашгийг хөндсөн нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлыг бүх ард түмнээр ил тод хэлэлцүүлэх, орон нутгийн эрх ашгийг хөндсөн асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын саналыг авах замаар шийдвэрлэж байх зарчмыг АДХ-ын ажлын мөрдлөг болгох.

B. Өөрчлөн байгуулалт шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсэд дараах арга хэмжээг даруй авах.
1. БНМАУ-ын сонгуулийн системийг үндсэнд нь шинэчлэн АИХ-ын  депутатуудыг сонгох бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагас жилд багтаан явуулах

2.Эдийн засгийн механизмыг хөдөлгөгч гол хүчин зүйл болох социалист зах зээлийн концепцийг боловсруулан бүх нийтээр хэлэлцүүлэх.

3. Банкны сүлжээг өргөтгөн, түүнийг БНМАУ-ын Сн3-ийн мэдлээс  гаргаж, АИХ-д ажлаа тайлагнадаг эрх бүхий байгууллагын статус бий болгох.

4. Хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох

5.Тусгай хангамжийг устгах.

B. БНМАУ-ын социалист хөгжлийн замыг дүгнэн цэгнэхэд дараах тодотгол хийх,

1. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын үйл ажиллагаа, тэдгээрийн дур зоргоороо авирлах бодлогыг дуулгавартай гүйцэтгэн ирснээрээ алдаа дутагдлыг нь дэвэргэн гааруулсан тодорхой нэр бүхий эздийг илрүүлж ард түмнээр шүүн хэлэлцүүлэх зорилгоор олон нийтийн комисс байгуулах

2. БНМАУ-ын түүхийн явцад хэлмэгдсэн үй олон эх оронч зүтгэлтэн, жирийн иргэд, ардын эмч домч, лам мэргэдийг нэр устай нь нэг бүрчлэн тогтоож түүхэнд гэгээн дурсгалыг нь мөнхжүүлэн хэлмэгсдийн өмнө МАХН алдаагаа хүлээж тэдний ар гэрт зохих хохирлыг нөхөн олгох.

3. БНМАУ-ын  болон МАХН-ын түүхийг үнэн бодитой шинэчлэн боловсруулах явцад ард түмний нэгдэлжих хөдөлгөөнийг дээрээс албадан тулгасан,  700 гаруй сүм хийд, түүх соёлын дурсгалт зүйл, ном судрыг устгасан,1956 онд  БНУУ, 1968 онд  БНСЧСУ-ын дотоод хэрэгт зэвсэгт хүчээр хөндлөнгөөс оролцсон явдлыг сайшаан дэмжсэн зэрэг үйл ажиллагаандаа МАХН-аас улс төрийн зохих дүгнэлт хийх.

4. Монголын Ардчилсан холбооноос дэвшүүлэн тавьж буй эдгээр шаардлагуудад албан ёсны нухацтай хариу өгөхийг МАХН-ын төв хорооноос хүсч байна. Олон улсын хүний эрхийн өдрийг бүх ард түмний ардчиллын баяр болгон тэмдэглэж байхыг цуглаанаас санал болгож байна.
                                
Монголын Ардчилсан Холбоо
 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.

Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.

Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.

Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм12 цаг 18 минут

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Цаг үе12 цаг 23 минут

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын т...

Цаг үе12 цаг 28 минут

BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж б...

Шударга мэдээ12 цаг 33 минут

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Цаг үе12 цаг 41 минут

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Цаг үе12 цаг 46 минут

Алслагдсан бүсийн иргэд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүс...

Улстөр нийгэм12 цаг 49 минут

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Улстөр нийгэм2026/07/27

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм2026/07/27

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ2026/07/27

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Санал болгох