Цаг үе
ЭХЗХ: Цахилгаан эрчим хүчний үнэ тариф шинэчлэгдлээ
Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, дараах байдлаар мөрдүүлэхээр болсон.
- Цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд 216 төгрөг байгааг 280 төгрөг болгож бодит өртөгт хүргэж байна.
- Цахилгааны тарифын шинэчлэлийн хүрээнд айл өрх эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх сонирхлыг төрүүлэхийн зэрэгцээ өрхөд очих төлбөрийн ачааллыг аль болох бага байлгахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
- Хэрэглээнээс хамаарсан 3 шатлалтай тарифыг нэвтрүүлсэн. Айл өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-300 кВт.ц-ийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцно.
Өөрөөр хэлбэл иргэд эрчим хүчийг хэмнэлттэй, хэрэглээндээ тохируулж хэрэглэвэл бага үнээр тооцогдож, бага төлбөр төлнө. Ингэснээр айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 1 кВт.ц тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орох юм.
Манай улсын 788 мянган ахуйн хэрэглэгчдийн 45 хувь нь 150 кВт.ц хүртэл, 40 хувь нь 150-300 кВтц, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгааныг тус тус хэрэглэдэг.
- Одоо мөрдөгдөж байгаа цахилгааны өдөр ба шөнийн цагийн 2 тариф дээр оройн “оргил ачааллын цагийн тариф”-ыг шинээр нэвтрүүлж байна. Хэрэглэгч айл өрх энэхүү цагийн ялгаварт 3 тарифыг сонгосон тохиолдолд шөнийн цагийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөнө.
- Гэр хорооллын айл өрхийн халаалтын улирлын цахилгааны шөнийн хөнгөлөлт хэвээрээ үргэлжилж байна.
- Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөнө.
- Аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны тарифыг дунджаар 30 хувиар өөрчилсөн.
Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба 1 сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан нь 15,887 төгрөгийн өөрчлөлт орж 52,107 төгрөг болох юм.
Дашрамд дурдахад айл өрхийн цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш 5 жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй тогтвортой мөрдөж ирсэн байна.
Үнэ, тарифт шинэчлэл хийж, зах зээлийн зарчимд нийцүүлж эхэлснээр эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдлээ гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.
Цаг үе
БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд /COP17/ оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзаж, санал солилцов.

Уулзалтын эхэнд, Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээнд өргөжин хөгжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг онцлов. Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилга хэрэгжүүлж, энэ хүрээнд Монголд үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын 1200 гаруй аж ахуйн нэгжийг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ. Түүнчлэн, “Солонго 1, 2” орон сууцны төсөл амжилттай хэрэгжиж байна. БНСУ-д Монголын 60,000 гаруй иргэн амьдарч буй тул Солонгост 2 дахь монгол сургууль байгуулах бэлтгэл ажлаа хангаж байгааг мөн тэмдэглэлээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Ин “Хоёр талын харилцаа маш идэвхтэй хөгжиж, өөдлөн дээшилж байна. Цаашид ховор металл, эрүүл мэнд, ойн салбараас гадна, шинэ салбар хөгжүүлэхэд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Ховор металлын чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллаж, эцсийн бүтээгдэхүүн болгоход хамтран ажиллах нь чухал. Цахим хөгжлөөр Монгол Улс дээгүүр байрт орж байгаа гэж сонссон. Энэ чиглэлд хамтран ажиллах хэрэгтэй. Манай улсад оршин суугаа монгол иргэд, хүүхдүүд өөрсдийн өв соёлоо хадгалж явах нь чухал юм” хэмээлээ.

Талууд байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр технологи, инновац, сайн туршлагыг харилцан солилцож, хамтын ажиллагааг бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөрөөр баяжуулахын ач холбогдлыг тэмдэглэлээ.
Хоёр улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр олон жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. Монгол Улс цөлжилттэй тэмцэх, ойжуулалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр БНСУ-тай хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх сонирхолтой байна.
Цаг үе
Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд “Гэр хорооллын айл өрхүүдийг нүүрснээс цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга зам” дээд түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төр, хөгжлийн болон санхүүжилтийн түншүүд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, нарны эрчим хүчинд суурилсан халаалтын шийдлийг Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянга гаруй айл өрхөд хүргэх талаар хэлэлцэв.
“Нарны илч” (Solar Facility) санаачилгын дагуу цэвэр халаалтын шийдлийг өргөн нэвтрүүлэхэд шаардлагатай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг оролцогч талууд уриаллаа.

Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Улаанбаатар хотын өвлийн агаарын бохирдлын 60 гаруй хувь нь гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй байдаг. Цэвэр халаалтын шилжилт нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн чухал чиглэл юм. Бид эрчим хүчний хангамжийг төрөлжүүлэх, хотын дэд бүтцийг шинэчлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтыг цэвэр халаалтын шилжилттэй уялдуулан хэрэгжүүлж байна. Гэр хороололд туршиж, үр дүнгээ харуулсан шийдлүүдийг илүү олон айл өрхөд хүргэхийн тулд Улаанбаатар хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн уялдааг хангаж, энэхүү шилжилтэд манлайлан оролцох болно” хэмээн онцоллоо.
“Нарны илч” санаачилгыг төрийн эх үүсвэр, хувийн хөрөнгө оруулалт, олон улсын уур амьсгалын санхүүжилтийг нэгтгэсэн холимог санхүүжилтээр хэрэгжүүлэхийг зорьж байна.


Цаг үе
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 50 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 37 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1059 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1042 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.
- Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ж.О нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан,
- Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.Э нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
- Нийтийн албан тушаалтан А.Б нь хяналт шалгалт явуулахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан,
- Удирдах албан тушаалтан Г.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас төрийн байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Цаг үе2022/10/28
“Дэлхийн хуримтлалын өдөр 2022” нээлттэй өдөрлөгт урьж байна
-
Урлаг спорт2020/01/16
Хөгжмийн зохиолч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулан Засгийн газраас 10 сая ...
-
Улстөр нийгэм2023/01/13
Онцгой бхйдлын алба хаагчид цасанд суусан 17 автомашиныг татан гаргаж, 56 хүний ...
-
Шударга мэдээ2026/07/29
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
