Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулав.

Хуулийн төслийг хэвлэн нийтлэх эрх чөлөөний үндсэн мөн чанар болох бусдын нэр төр, алдар хүнд, нийгмийн ёс зүй, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүйгээр хэвлэн нийтлэх боломжтой байх үзэл баримтлалын хүрээнд боловсруулсныг сайд тодотгов.

Хуулийн төсөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүл зүйн үйл ажиллагаа зэрэг нэр томьёог тодорхойлж өгснөөр иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнөөс сэтгүүл зүйн үйл ажиллагаа нь ялгаатай бөгөөд үүрэг, хариуцлага өндөртэй болохыг тодорхойлох ач холбогдолтой гэж үзжээ.

Хуулийн төсөлд 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дахь үзэл санаа, зохицуулалтыг бүрэн тусгахын зэрэгцээ, хэвлэл мэдээллийн салбарт үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор эзэмшлийн ил тод байдлыг хангах, эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндсийг бий болгохтой холбоотой харилцааг тусгасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа өмнө боловсруулж байсан төслүүдийн алдаа, оноог харгалзан үзэж, хэвлэл мэдээллийн салбарынхан болон олон нийтэд хуулийн төслийн үзэл баримтлалыг ойлгуулах, санал, зөвлөмжийг авах зорилгоор өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллав хэмээн сайд мэдээлсэн.

Мөн тэрбээр  хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бүгд хуулийн этгээд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах, 5 хувиас дээш хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн талаар мэдээлэл ил тод байх, хэт төвлөрлөөс урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага нь мэргэжлийн редакцтайгаар үйл ажиллагаа явуулах, төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлсэн мэдээ, мэдээллийн талаар хүн, хуулийн этгээд тухайн редакцид болон өөрийн зохицуулалтын байгууллагад гомдол гаргах боломжтой байх, эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулах зэрэг шинэлэг зохицуулалтуудыг тусгасныг дурдав.

Хуулийн төсөл батлагдсанаар Хэвлэн нийтлэх эрх, түүнтэй холбоотой бусад ойлголтуудыг нэг мөр ойлгох боломж бүрдэх, хэвлэн нийтлэх эрхийг өргөн хүрээнд тайлбарласнаар зөвхөн редакцтай хэвлэл мэдээллийн байгууллага бус олон нийтийн эрх ашгийн төлөө хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлдэг бусад этгээдүүдийн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх, хэвлэл мэдээллийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагааны хувьд хараат бусаар ажиллах, мэдээллийн эрх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулснаар хууль бус байж болох үйлдлийг хэвлэл мэдээллээр дамжуулан илчлэх, хариуцлагатай, ёс зүйтэй, сэтгүүл зүй хөгжих боломж бүрдэнэ гэж үзжээ.

Хэвлэл мэдээллийн хэт төвлөрөл бий болохоос сэргийлснээр олон ургальч үзэл оршин тогтнох орон зай нэмэгдэж, эзэмшигч ил тод, нээлттэй байснаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төр, бизнесийн болон бусад хувийн зорилгоор ашиглахгүй болно гэж сайд О.Алтангэрэл танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлтийг УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Зулпхар, Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах зохицуулалтыг шинээр баталгаажуулахаар хуулийн төсөлд тусгасан гэж байна. Ингэснээр ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ хэмээн тодруулсан. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудтай холбоотой ямар зохицуулалт хуулийн төсөлд туссаныг лавлав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаар үндэсний олон нийтийн радио, телевизийн сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдэд эх сурвалжийн хамгаалалт байхгүй. Бид энэ удаагийн хуулийн төсөлд “эх сурвалж” гэдгийг сэтгүүлчийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийн үндэс болж байгаа баримт мэдээллийг өгч буй этгээдийг хэлнэ гэж тодорхойлоод, эх сурвалжаа нууцлах эрхийг нь бүрэн нээж өгөхөөр тусгасан. Харин хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой, бодитой хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй гэж үзвэл эх сурвалжаа илчлэх эсэхээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдөө шийдвэрлэхээр оруулсан гэлээ. Мөн хуулийн төслийг боловсруулахдаа орон нутгийн сэтгүүлчидтэй уулзан тулгардаг бэрхшээлийнх нь талаар сонсож, анхаарах асуудлыг тусгахыг зорьсон гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлтэд “илт худал мэдээлэл”, “ташаа мэдээлэл” гэсэн ойлголтуудын ялгаа, заагийг тодруулах хэрэгтэй гэж дурдсан байна. Илт худал мэдээлэл түгээвэл ямар хариуцлага ногдуулах, ташаа мэдээлэл гэдэг нь хууль зүйн ямар агуулгыг илэрхийлэхийг  тодруулсан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Хуулийн төсөлд “ташаа мэдээлэл” гэж бусдын сэтгэл санаа, бие махбодь, эсхүл хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хохирол учруулах зорилгогүйгээр түгээсэн бодит байдалд нийцэхгүй гэдгийг мэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан алдаатай мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг; ”илт худал мэдээлэл” гэж хүн, хуулийн этгээд, улс оронд санаатайгаар хохирол учруулах зорилгоор түгээсэн ор үндэслэлгүй худал мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг хэлнэ хэмээн тодорхойлсон. Нэг хүн намайг 15 удаа гадагшаа явсан гэж гүтгэсэн хэмээн гомдол гаргаж. Харин тэр хүн үнэндээ 13 удаа явсан байж. Ийм тохиолдол гарсан. Энэ бол илт худал мэдээлэл биш. Сэтгүүл зүйд бид эндүүрэл, ташаарал гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой юм билээ. Хуулийн төсөлд дээрхийг тодорхойлон оруулснаар эндүүрсэн, ташаарсан мэдээлэл бүртэй нь холбогдуулан сэтгүүлчийг илт худал мэдээлэл тараалаа гэж буруутгах боломжгүй болох юм гэж хариулав.

Дараа нь УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэхээр тогтоосон тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.

Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.

Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.

Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм11 цаг 37 минут

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Цаг үе11 цаг 42 минут

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын т...

Цаг үе11 цаг 47 минут

BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж б...

Шударга мэдээ11 цаг 52 минут

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Цаг үе12 цагын өмнө

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Цаг үе12 цаг 4 минут

Алслагдсан бүсийн иргэд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүс...

Улстөр нийгэм12 цаг 8 минут

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Улстөр нийгэм2026/07/27

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм2026/07/27

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ2026/07/27

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Санал болгох