Шударга мэдээ
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Зуут травел” компани хамтран тавдугаар сарын 8-10-ны өдрүүдэд “Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах арга хэмжээ” хөтөлбөрийг зохион байгуулж, БНХАУ-ын аялал жуулчлалын 100 компанийг урьж, дотоодын аялал жуулчлалын онцлогийг танилцууллаа.
Гадаадын жуулчдыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцахаар БНХАУ-ын Бээжин, Шанхай, Сычуань, Хэбэй, Юньнан, Тяньжин, Гуанжоу зэрэг 18 мужийн 100 гаруй шилдэг аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгчид ирсэн юм.
Хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх “Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн (B2B) уулзалт”-ыг зохион байгуулав. Уулзалтад НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Маркетинг сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Алтанзаяа, Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр зэрэг албаныхан оролцлоо. Уулзалтыг нээж НИТХ-ын дарга А.Баяр “2024 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болж өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд бид худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн чиглэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж улмаар иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ. Хоёр орны ард түмний аялал жуулчлал, соёлын хэлхээ холбоог бататгаж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг зузаатгах нь чухал ач холбогдолтой бөгөөд Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Өмнөх онуудад мөн хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр нийслэлийн зүгээс Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Цайны замын авто машинтай аялал, Соёлын өвийг сэргээх чиглэлээр Цайны замын хөшөөг Улаанбаатар хотод бүтээн байгуулсан. Түүнчлэн тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр БНХАУ болон олон улсаас ирж оролцдог “Талын салхи” олон улсын мото фестивалийг 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалын нөөц хэрхэн өсөн нэмэгдэж байгааг онцлон харж, өөрсдийн ажлын шугамаар сурталчлан таниулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ.
Уулзалтад Монголын талаас Хятад улс руу аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг дотоодын 15 компани болон БНХАУ-ын аялал жуулчлалын 100 компанийн төлөөлөл оролцож харилцан туршлага солилцов. Хятадын аялал жуулчлалын компаниуд Монголын аялал жуулчлалын компаниудтай хэрхэн хамтарч ажиллах боломжтой, групп аялал, гэр бүлийн аялал, ганцаарчилсан аялал, урт хугацааны аяллын ямар хөтөлбөрүүд байгаа талаар сонирхож мэдээлэл солилцов. Түүнчлэн БНХАУ-ын аялал жуулчлалын компаниудын төлөөллүүд Сүхбаатарын талбай, “Чингис хааны музей”, Гандантэгчэнлин хийдээр аялж, хот орчмын буюу Тэрэлж дэх хэд хэдэн аялал жуулчлалын цогцолбор газруудын үйл ажиллагаатай танилцаж, монголын өв соёлыг илтгэсэн жуулчдад зориулсан тоглолт зэргийг үзэж сонирхлоо. Хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын аялал жуулчлалын компаниуд Улаанбаатарын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, Монгол руу чиглэсэн Хятадын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарч, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
-
Цаг үе2019/11/11
Эрүүл мэндийн зарим байгууллагуудын гадна тохижилтын ажлыг хүлээн авлаа
-
Үзэл бодол2019/09/12
Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын ко...
-
Шударга мэдээ2022/03/14
Улсын нийт гадаад өр өмнөх оноос 1.0 тэрбум ам.доллароор өсжээ
-
Улстөр нийгэм2024/09/27
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргө...
