Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар Коронавирусний эдийн засагт үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, чиглэл өглөө

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.05) Covid-19 вирусний Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаарх УИХ-ын Байнгын хороод болон холбогдох бусад байгууллагуудын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.

Мэдээллийн эхэнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар танилцуулга хийсэн юм.

Шинэ коронавирусний халдварын дэгдэлттэй холбоотой бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахыг Монголбанкинд даатгаж, жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг даатгалаа. Энэ үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүгээс коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээ үзүүлэх ёстой зарим хороо, комисс хуралдахгүй байгаа нь хүндрэл учруулж байгааг хэлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн цахим үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод, холбогдох байгууллагуудтай хамтран хөрш улсуудтай худалдааны хэлэлцээ хийх, экспортыг нэмэгдүүлэх,  алт болон ноолуур хөтөлбөрийг дэмжих чиглэлд анхаарч ажиллахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нарт даалгалаа.

Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж байгааг хэллээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ нөхцөл байдал ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Суурь үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх нь ч тодорхой бус байгаа учраас төсөвт одоогоор тодотгол хийж болохгүй. Харин танхимын зүгээс гаргасан саналд тусгагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийн тодорхой хувийг жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих ваучер хэлбэрээр тараах боломжийг судална. Энэ нь эдийн засгаа дэмжиж байгаа нэг арга юм" гэв.

БНХАУ-ын эдийн засгийн өөрчлөлт нь манай улсын эдийн засагт 4-6 сарын дараа нөлөөлдөг бөгөөд 2011-2012 оны хооронд тус улсын эдийн засаг 1,4 хувиар буурахад худалдааны хориг, нүүрсний экспортоос шалтгаалан Монголын эдийн засаг 5,2 хувиар буурч байсан. Covid-19 вирусийн эдийн засагт учруулах нөлөөлөл нь 2003 оны САРС-ын үеийнхээс ч өндөр байх магадлалтай учир даатгал, эрсдэлийн сан хөгжөөгүй манай улсын хувьд ажлын байрыг хадгалах, төсөвт тодотгол хийх, татвар хураамжийг түр хугацаагаар хөнгөлөх, хойшлуулах, чөлөөлөх зэрэг шаардлагатай арга хэмжээг авах нь урт хугацаандаа ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

- Шинэ коронавирусний халдварын тархалттай холбоотой Монгол Улсын хүн амыг хүнсний хомсдолд орохоос сэргийлэх зорилгоор арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулан 12 мянган тонн махыг бэлтгэсэн. Өнгөрсөн онд 4,000 тонн мах нөөцөлж байсан. Энэ жил гурав дахин нэмэгдсэн.  Гурваас долоодугаар сарын хугацаанд сар тутам 3,000 тонн буюу өдөрт 100 тонн мах нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлэгдэнэ гэсэн үг.

Нөөцийн махны үнэ хямд байгаа. Тасалдал гарах эрсдэл тун бага. Үүнийг дагаад махны үнэ тогтворжино. Нөөцийн махыг 279 цэг, дэлгүүрээр худалдаална.

Манай улсын гурилын жилийн хэрэгцээнд 300 мянган тонн буудай шаардлагатай байдаг. Бид өнгөрсөн онд 246.4 мянган тонн улаан буудай хүлээн авсан. Энэ нь жилийн хэрэглээний 80 хувийг хангах нөөц юм. Хэрэгцээгээ бүрэн хангахын тулд бидэнд 60 мянган тонн чанарын шаардлага хангасан буудай хэрэгтэй. Хил гааль, экспорт, импорт хязгаарлагдаж байгаагаас 100 мянган тонн улаан буудай импортлох ажил эхлээд байна. Өнөөдрийн байдлаар гурилын 3 сарын нөөц байна. Гурилын үнэ харьцангуй тогтвортой буюу 1,180-1,527 төгрөгийн хооронд байна.

Цагаа будаа, элчин чихэр, ургамлын тос 100 хувь импортоор оруулж ирдэг учраас нөөц бүрдүүлэх боломжгүй байна. Одоогоор цагаан будаа 1,5 сарын, элсэн чихэр 3,5 сарын, ургамлын тос 1,6 сарын нөөцтэй байна.

Хүнсний болон үрийн улаан буудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой. Хаврын чуулганаар хэлэлцүүлнэ.

Сүүний хэрэгцээг тооцвол жилд 154.8 мянган тонн шингэн сүү хэрэглэдэг. Үүний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээс зуны улиралд хангадаг. 4,000 тонн хуурай сүү импортоор оруулж ирэхээр төлөвлөсөн байсан. Өнгөрөгч 2 дугаар сард болсон Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар нэмж 2,000 тонн сүү импортлохоор болсон.

Мөн дээр нь ариутгалын бодисын үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор техникийн спиртийн хэрэгцээ нэмэгдсэн. Тиймээс техникийн спирт үйлдвэрлэх зорилгоор 10 мянган тонн улаан буудайг импортоор авах шийдвэр гаргасан.

Харин ЖДҮХС-гаас гуравдугаар сарын нэгнээс зургадугаар сарын нэгнийг хүртэл зээлийн хүүгээс чөлөөлөх, алданги тооцохгүй байх шийдвэр гаргасан.

Дээрх арга хэмжээнүүдийг авснаар мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй. Гэхдээ цаашид нэг улирлын хугацаагаар тооцож стратегийн нөөц бүрдүүлэх шаардлагатайг одоогийн нөхцөл байдлаас харж болно. Үүний тулд 480 тэрбум төгрөгийн санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай болно.

Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд төрийн шийдвэрүүдийг хэрэгжүүлж, хамтран ажиллаж байгаад талархалтай байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

- Монголбанкны хувьд эдийн засагт хамгийн их нөлөөлж болох салбар, гадаад улс оронд ямар нөхцөл байдал үүсэж байгаа талаар ярилцлаа.

Монгол Улсын экспортын 89 хувь, импортын 33 хувийг БНХАУ эзэлдэг. Дэлхийн олон улс орны төв банкууд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хэвээр хадгалах зэрэг арга хэмжээ авч байгаа. Тиймээс Төвбанкны хувьд ирэх долоо хоногт Мөнгөний бодлогын хороог хуралдуулж, 0.5 нэгжээр буулгах саналыг гаргаад байгаа юм.

Мөн заавал байлгах нөөцийн хувийг тодорхой хэмжээгээр багасгах, бодлогын хүүг бууруулснаар зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн хүртээмжтэй болж, хүү буурах суурь болно гэж үзэж байна.

ДЭМБ-аас бэлэн мөнгө коронавирусний халдвар тараадаг байж болзошгүй гэж анхааруулж байгаа. Тиймээс цаасан дэвсгэртийн хэрэглээг бууруулж, шинэ вирусийн тархалтын эрсдэлээс сэргийлэх, цахим золголтыг дэмжих зорилгоор банкны гүйлгээний шимтгэлийг 0 болгох шийдвэрийг гаргасан.

Мөн Монголбанкнаас арилжааны банкуудад нийлүүлдэг мөнгөний зузаатгалыг шинэ мөнгөөр бүрдүүлж, бохир мөнгийг устгах ажлыг хийж байна.

Валютын ханш харьцангуй тогтвортой байгаа. Одоогийн байдлаар 4,3 тэрбум ам.долларын нөөцтэй болсон. Монгол Улсын Төвбанкны гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар дөрвөн тэрбум ам.доллар байсан. Төвбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн, 2019 онд 15.1 тонн үнэт металл худалдан авалт хийсэн бол 2020 оны эхний 2 сарын байдлаар 4 тонн үнэт металл худалдан авсан.  Дэлхийн зах зээл дээр ч алтны ханш өсөлттэй байгаа. Оны эхний байдлаар долларын ханш 0,9 хувиар суларч, төгрөг чангарсан. Бодит байдал дээр төгрөгийн доллартай харьцах ханш чангарч байгаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин:

- коронавирусний халдвараас сэргийлэх арга хэмжээ нь бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар МҮХАҮТ-аас 1,100 аж ахуй нэгж байгууллагаас судалгаа авсан. Судалгаанаас харахад, нийт 57,4 хувь маш их нөлөөлсөн, 32 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн гэж хариулсан байна. Энэхүү нөлөөлөл нь аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний салбаруудад шууд хамааралтай байна.

Бизнест үзүүлж байгаа нөлөөллийг нь ангилбал бараа үйлчилгээний нийлүүлэлт 57,7 хувь буурсан, 40,1 хувь тээвэр ложистик доголдсоноос бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон, 14,5 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд ороод эхэлсэн байна. Мөн уул уурхай, мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбаруудад орлого буурчээ. Түүнээс гадна бизнест тулгарч буй гол хүндрэлүүд нь зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг нийт аж ахуй нэгжүүдийн 66 хувь, түрээсийн төлбөр 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал 9 хувь, санхүүгийн эх үүсвэр гурван хувь гэж хариулжээ.

Аж ахуй нэгжүүдийн зүгээс төрийн үйлчилгээний хүнд суртал их, мэргэжлийн зөвлөл, ажлын хэсгийн хурал хойшилсон, гадаад худалдаа, зөвшөөрөлтэй холбогдох үйлчилгээг түргэн шуурхай явуулахыг онцолсон. Өнөөдрийн энэ уулзалтаар олон асуудлыг шийдэхээр ярилцлаа. МҮХАҮТ-ийн зүгээс эдийн засгийн эрсдэлийг удирдах 5 чиглэлийн 20 саналаа албан ёсоор УИХ-ын даргад өглөө.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.

Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:

  • БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
  • "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
  • Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
  • Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
  • Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
  • Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
  • Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Н.Учрал: “Smart Selbe City” зорилтот бүлэгтээ хүрэх ёстой

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай 2026 оны долоодугаар сарын 28-ны өдөр танилцав. Тус төсөл нь Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсвгэрт нийт 158 га газарт хэрэгжиж байна.

Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээнд загвар болох уг төслийн талбайд, 

-113 блок, 8,575 айлын орон сууц

-5,780 суудалтай 5 сургууль

-1,520 суудалтай 8 цэцэрлэг

-4 өрхийн эмнэлэг, соёлын цогцолбор, спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна.

Бүтээн байгуулалтад 7 ерөнхий гүйцэтгэгч ажиллаж, зарим хэсэгт 9 болон 12 давхрын угсралт дуусаж, цонхоо суурилуулж эхэлжээ. Барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер техникийн ажилтан, 70-80 орчим машин механизм ажилладаг бөгөөд бараа, материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд юм. Газар чөлөөлөлт 96 хувьтай байна.

Бүтээн байгуулалтын явц  36.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2027 онд орон сууцны хэсэг, 2029 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, олон нийтийн бүсэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог бодлогоор дэмжинэ гэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн ажлыг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд холбогдох яам, тамгын газар, Нийслэлийн Засаг дарга болон “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-д дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:

-Мкв-ийн үнийг бууруулах. 5.000.000 төгрөгөөр зорилтот бүлэгт хүрэхгүй учраас нийслэл үнэ бууруулах шийдлээ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулах

-Борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулах. Ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглах, борлуулалтын үе шатанд төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулахыг тэргүүлэх чиглэл болгох

-Засгийн газраас Сэндбоксийн журмыг баталж өгнө. “Смарт Сэлбэ сити” бүх үйл ажиллагаандаа ухаалаг шийдлийг дүрэм журмын хүрээнд саадгүй нэвтрүүлэх

-Эдийн засгийн тусгай бүс болгож, хувийн хэвшлээ дэмжих зэрэг асуудлууд багтжээ.

“Смарт Сэлбэ сити” төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болох урьдчилсан тооцоо гарчээ.  Бүтээн байгуулалтын дүнд 45 мянган иргэн орон сууцанд орж, орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана. Мөн 16 мянган ажлын байр бий болно. 15,600 янданг буулгаж, нүүрсний хэрэглээ жилд 7,500 тн-оор багасна. 12,000 нүхэн жорлон устаж, хөрс, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, автомашины хөдөлгөөний ачааллыг багасгахаар тооцоолжээ.

2024 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг Ерөнхий сайд Н.Учрал ахалж батлуулсан бөгөөд хот нь мэдээллийн технологид суурилсан, ухаалаг, ил тод байдлыг дэмжиж, иргэдийн оролцоог хангасан орчин үеийн байдлаар хөгжих боломжийг нээжээ. “Сэлбэ смарт сити” төсөл нь дээрх боломжийг шууд тусгасан буюу хот төлөвлөлтийн шинэ үеийн загварыг тодорхойлох, иргэн бүрийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой орчинд шийдвэрлэх боломж бүрдүүлсэн, амьдрахад таатай иж бүрэн хотын бүтээн байгуулалт юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох