Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дэх 214805 газар зүйн нэр бүхий "Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт"-ыг баталж, тус жагсаалтад Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8767, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 6941 газар зүйн нэр байдаг байна.

Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан нийт 214805 газар зүйн нэрийг бүх төрлийн масштабтай байр зүйн болон газрын зураг, атласт тусган тэмдэглэж, улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тусгай хэрэгцээний газрын байршил, хил заагийг тогтоох, хаягжуулах, соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаанд болон иргэд төрсөн газар нутгаа нэрийн дагуу байршлаар нь хайж олох зэргээр өргөнөөр ашигладаг байна. Өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасан газар зүйн нэрүүдийн хувийн хэргийг бүрдүүлэн, мэдээллийн санд бүртгэж ашиглахаар бэлтгэж буй талаар С.Бямбацогт сайд танилцууллаа.

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт монгол хэлнээс өөр хэлээр нэрлэгдсэн газар зүйн нэрүүд байгаа нь тогтоож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх монгол хэлнээс өөр хэлээр нэрлэн баталсан 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгох, үүний зэрэгцээ 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр төсөлд тусгажээ.

Сүхбаатар аймгийн хувьд Улсын Их Хурлаар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 газар зүйн нэр байгааг 2021-2022 онд орон нутгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын дагуу тогтоосныг мөн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн төсөл дэх газар зүйн нэрүүдийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, нийтэд сурталчлан таниулахаас гадна  2026-2027 онд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах нийт газар зүйн нэрийг бүрэн тогтоож дуусгах, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрээр шинэчлэн батлуулах чиглэлээр зохих арга хэмжээ авч, ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар газар зүйн албан ёсны нэрийг бүх төрлийн газрын зурагт тэмдэглэж, олон нийтэд зөв нэрээр сурталчлан таниулж, хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол Улсын газар нутгийн халдашгүй, бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах болон монгол үндэсний хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хамгаалан хадгалж, хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих заава

Огноо:

,

“Улаанбаатар Кабель Кар” ОНӨААТҮГ-аас Дүүжин замын тээврээр үйлчлүүлж буй зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигчийн аюулгүй байдлын зааврыг олон нийтэд танилцуулж байна.

Зорчигч бүр дараах үндсэн шаардлагыг дагаж мөрдөнө. Үүнд:

  • - Зогсоол, бүхээгт байршуулсан аюулгүй ажиллагааны заавар, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, ажилтны зааврын дагуу дараалал баримтлан сууж, буух.

  • - Бүхээгийг савлуулах, сэгсрэх, үсрэх, бүхээгийн хаалгыг нээхийг оролдох, бүхээгээс эд зүйл гадагш гаргах, хаяхыг хориглоно.

  • - Бүхээгт утаат болон цахилгаан тамхи татах, ил гал гаргах, тэсэрч дэлбэрэх болон аюултай бодис авч явахыг хориглоно.

  • - Бага насны хүүхэд болон өөрийгөө бүрэн хамгаалах боломжгүй зорчигчийг асран хамгаалагч нь дагалдан явж, зорчих хугацаанд хараа хяналт тавина.

  • - Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас биеэ хянах чадваргүй болсон зорчигчийг бүхээгт оруулахгүй.

  • - Онцгой нөхцөл үүссэн тохиолдолд тайван байж, ажилтны зааврыг дагах бөгөөд аюул, осол, гэмтэл илэрвэл ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.

Бүх зааврыг дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэлwww.ubcablecar.mnвэб сайт болон “UB Cable Car” албан ёсны Facebook хуудсаар зочлох, эсхүл зурагт буй QR кодыг гар утсаараа уншуулж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Зорчигч бүхэн аюулгүй байдлын шаардлагыг дагаж мөрдсөнөөр өөрийн болон бусдын аюулгүй, тав тухтай зорчилтыг хангана гэдэгт найдаж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

Огноо:

,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэн. Нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд үүсмэл хогийг цэвэрлэх, шилжүүлэхийг үүрэг болгосон. Тус бүсэд нийт 18 иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшдэг. Өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгжийн 14.5 га талбайн хог хаягдлыг цэвэрлээд байна. Үлдсэн долоон аж ахуйн нэгжийн эзэмшлийн 9.9 га талбай болон нийтийн эдэлбэр газрын 14.3 га талбайг үе шаттай цэвэрлэнэ. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй ААН-үүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Иймд газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эзэмшил газрынхаа хог хаягдлыг цэвэрлэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдлээ.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайхан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2026 оны 02 албан даалгаврын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Туул голын ай сав газарт үүссэн барилгын болон бусад хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Түүнчлэн тухайн бүсэд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд орчныхоо 50 метр болон өөрсдийн эзэмшил талбайн хог хаягдлыг цэвэрлэх үүрэг өгсөн. Тус бүсэд олон жилийн өмнөөс хуримтлагдсан 38.7 га талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, экологи, эдийн засгийн үнэлгээ хийх, ариутгалын ажлуудыг УБЗАА, Нийслэлийн Байгаль орчны газар болон дүүргийн холбогдох байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэлээ.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын удирдлага, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Гончигдорж "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй 18 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших гэрээний үүргээ биелүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлага тавьж, хур хог хаягдлыг цэвэрлэж байна. Аравдугаар сараас хэрэгжүүлсэн ажлын хүрээнд 11 иргэн, аж ахуйн нэгж гэрээний үүргээ биелүүлж, эзэмшил талбайн хогоо цэвэрлэсэн. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй, хог хаягдал үүсгэсэн долоон аж ахуйн нэгж байна” гэв.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн дарга Б.Батмөнх “Газрын тухай хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй “Арвин-Үжин” ХХК, “Нордик прекаст технологи” ХХК, “Ньюбродерс юнион” ХХК, “Баннер” ХХК, Голомт банк, “Их-Авхаа” ХХК, “Баярс констракшн” ХХК гэсэн долоон аж ахуйн нэгжид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж байна. Хур хог хаягдлаа цэвэрлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Ерөнхий сайд Өмнөговь аймагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг өглөө

Огноо:

,

Өмнөговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдал болон иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажиллагаанд дутагдал илэрчээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал арваннэгдүгээр сарын 11-нд Өмнөговь аймагт ажиллах үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүнг танилцуулсан байна.

Хяналтын дүнгээр аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны 2025 оны ерөнхий үнэлгээ 67.9 хувьтай гарчээ. Хөгжлийн бодлогын баримт бичиг болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг тогтоосон бөгөөд мэдээллийн ил тод байдлын цахим систем дэх үнэлгээ 56.8 хувьтай байна.

Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах нэгдсэн цахим системд аймгийн 195 байгууллагаас 189 нь холбогдоогүй байжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гомдлын тоо сүүлийн гурван жилийн хугацаанд буураагүйг хяналтын байгууллагаас мэдээлэв.

Түүнчлэн аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын бодлого батлаагүй, иргэдэд үр тариа, хүнсний ногоо тариалах зориулалтаар газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулаагүй зэрэг дутагдал илэрсэн байна. Ханбогд, Цогтцэций, Гурвантэс суманд нөөцийн мах бэлтгэх ажил эхлээгүй байгааг мөн дурджээ.

Ерөнхий сайд Н.Учрал аймгийн удирдлагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, илэрсэн дутагдлыг арилгах үүрэг өгсөн байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийг хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдэд учирч буй хүнд суртлыг бууруулах «Чөлөөлье» санаачилгын хэрэгжилтийг хангахыг онцолжээ.

Аймгийн удирдлагууд орон нутагт хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулахдаа Өмнөговьд 4972 аж ахуйн нэгж бүртгэлтэй, тэдгээрийн 2081 нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохыг мэдээлэв. Татварын шинэчлэлийн хүрээнд 500 аж ахуйн нэгжийг уг татвар төлөх үүргээс чөлөөлөхөөр тооцжээ.

Мөн аймгийн газар нутгийн 93 хувьд үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн бөгөөд сүүлийн таван жилд түрээслээд өмчлөх нөхцөлтэй 547 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.

Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг 10-аас 20 хувь болгож нэмэгдүүлсэн нь орон нутгийн хөгжлийн төсөл, арга хэмжээнд зарцуулах санхүүжилтийг өсгөх боломж бүрдүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох