Улстөр нийгэм
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн худалдан авах ажиллагааны ажлын явц болон бусад ажлын талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 97 дугаар захирамжаар он дамжих 46, шинэ 439 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийт төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тавдугаар сарын 31-нээс өмнө тендер зохион байгуулах боломжгүй 47 төсөл, арга хэмжээ байна.

Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат “Ерөнхий сайдын 05 дугаар албан даалгавраар Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд үндсэндээ зогсонги байгаа. Туулын хурдны зам дээр шийдэл гаргана. Сэлбэ хот орон сууцжуулах төслийг эрчимжүүлнэ. Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ. Тойрог зам, трамвайн тендерийг зарласан явж байгаа. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдээс тендер зарласан шийдвэрлэх боломжтойг нь Засгийн газарт танилцуулна. Үлдсэн мега төслүүдийг зогсоох зэргээр арга хэмжээ авч, төсвийн тодотголоор зардлыг цэгцэлнэ” гэдгийг онцоллоо.
Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Дүүргийн Засаг дарга нар ногоон байгууламж, орчны тохижилт, орон сууцны барилгын гадна фасад засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх,
- Сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэл, авто болон явган замын ажлуудыг эрчимжүүлэх,
- Түлшний нөөц бүрдүүлэх, татан авах, өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай зохион байгуулах,
- Орон нутгийн өмчийн барилга байгууламжид өөрийн эзэмшлийн байргүй төрийн байгууллагыг ашиглалтын зардлаар байршуулах асуудлыг судалж, танилцуулах,
- Засгийн газрын 2026 оны Мянганы сорилтын компакт гэрээгээр хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хаалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах,
- Нийслэлийн төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг хангах,
- Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах,
- "Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах,
- “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг сайтар зохион байгуулж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах,
- Дүүргүүд худалдан авах ажиллагаа болон гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэх,
- Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг сайтар хангуулж, хяналт тавихыг тус тус үүрэг болголоо.



Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
Улстөр нийгэм
Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөг халдлагад өртсөн асуудлаар мэдэгдэл хийж, уг үйлдэл хариу арга хэмжээ авахгүй өнгөрөх боломжгүй гэж анхаарууллаа.
Reuters-ийн мэдээлснээр, Ираны Гадаад хэргийн яам Украин Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөгт халдсан гэж мэдэгдсэн байна. Тус яамны мэдээлснээр халдлагын улмаас хөлөг дээр дэлбэрэлт болж, нэг далайчин амиа алдаж, нэг хүн шархаджээ.
Ираны тал уг халдлагыг “дайсагнасан, гэмт үйлдэл” гэж буруутган, Техран дахь Украины түр хамаарагчийг дуудаж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөн Киев Украины дайны хүрээг тэлэхийг оролдож байна гэж үзэж буйгаа мэдэгдэж, үндэсний ашиг сонирхлоо хамгаална гэдгээ онцолжээ.
Энэ хэрэг Орос, Украины дайн улам олон улсын шинжтэй болж буй үед гарч байна. Украин өмнө нь Каспийн тэнгист Ирантай холбоотой цэргийн ачаа тээвэрлэж байсан гэх хөлөг онгоцуудыг онилсон гэж мэдэгдэж байжээ.
Улстөр нийгэм
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн, хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Айлчлалын хүрээнд талууд худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучуд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Мөн айлчлалын үеэр Монгол-Тажикистаны бизнес дугуй ширээний уулзалт болон “Тажикистаны соёлын өдөр” боллоо.
Хүндэт зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар үдэж мордууллаа.

-
Цаг үе2021/09/28
Геодези, усны барилга, байгууламжийн газрын ой тохиож байна
-
Цаг үе2021/04/14
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажил ха...
-
Шударга мэдээ2021/04/12
Дүүрэг бүрт дархлаажуулалтын цэг ажиллаж 60-аас дээш насныхныг дархлаажуулалтад ...
-
Цаг үе2024/04/01
Улаанбаатарт зөөлөн цасан шуурга шуурна
