Цаг үе
Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэв
Япон улсын Токио хотноо “Инвест Монголиа: Эрчим хүч ба санхүүгийн салбар, Токио 2026” форум /2026.05.15/ боллоо.
Тус форумд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй төрийн байгууллагуудын төлөөлөл, тухайлбал Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Эрчим хүчний яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсаас Японд суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.

Мөн Япон улсын төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч байгууллагуудын 240 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, Монголын хувийн хэвшлийн 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөө танилцуулан, Японы бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай бизнесийн харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Форумын хүрээнд Монгол Улсын эрчим хүч, санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд болон хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилт, ногоон санхүүжилт, тогтвортой хөрөнгө оруулалтын орчны асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломж, бодит түншлэлийн гарцуудыг тодорхойллоо.
Энэхүү форум нь Монгол Улсад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.





Цаг үе
Азийн хөгжлийн банктай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлогч Чандра Мохан Ароротой уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар хэлэлцэв.
Энэ үеэр салбарын яамнаас Монгол Улсын Засгийн газрын аялал жуулчлалын бодлого, хэрэгжилтийн үр дүнг танилцуулж, 2025 онд Монгол Улс 846 мянган гадаадын жуулчин хүлээн авч, 1.6 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлснийг онцлон дурдав.
Мөн дотоодын 1.3 сая жуулчны урсгал 400 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болгосныг мэдээллээ. Цаашид энэхүү өсөлтийг хадгалж, 2030 он гэхэд гадаадын жуулчдын тоог 2 саяд, салбарын экспортын орлогыг 4 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд ажиллаж байгааг танилцуулав.
Түүнчлэн АХБ-ны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт 70 гаруй хувьтай үргэлжилж байгааг дурдлаа. Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх сум, Хэнтий аймгийн Дадал суманд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлыг энэ онд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Мөн 2026 онд ашиглалтад орох “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын хүрээнд байгуулах “Дижитал музей”-н төслийн талаар санал солилцов.
Уг төсөл нь Монголын түүх, нүүдлийн соёл иргэншлийг орчин үеийн технологийн шийдлээр олон улсад сурталчлах, музейн менежментийг олон улсын жишигт нийцүүлэхэд чиглэж байгааг талууд онцоллоо.
Үүний зэрэгцээ Засгийн газраас баталсан 12 аймгийн 17 аялал жуулчлалын бүсэд “Тогтвортой аялал жуулчлалын төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар албан ёсны хүсэлтийг Сангийн яамаар дамжуулан хүргүүлэхээр тохиролцов.
Уулзалтын төгсгөлд талууд аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт, хөгжлийн төслүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, түншлэлийн хүрээг цаашид өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
Цаг үе
“Энхийг сахиулагч эмэгтэйчүүд-20 жил” өдөрлөг болно
Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Энхийг сахиулагч эмэгтэйчүүд-20 жил” өдөрлөгийг ЗХЖШ-аас тавдугаар сарын 26-нд Офицеруудын ордонд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Өдөрлөгийг “Олон улсын энхийг сахиулах өдөр”-ийг угтан зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Гадаад харилцааны яамны удирдлага, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, НҮБ-аас Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Яап Ван Хиерден зэрэг зочид, 300 гаруй энхийг сахиулагч бүсгүй оролцоно.
Өдөрлөгийг хүндэтгэлийн, уулзалт ярилцлага гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулах юм.
Хурандаа Н.Нямжаргал 2006 онд ахмад цолтой байхдаа НҮБ-ын Баруун Сахар дахь "MINURSO" энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчийн үүрэг гүйцэтгэснээр Монгол Улсын цэргийн бүсгүйчүүдийн энхийг сахиулах үйлс дэх зам мөр нээгдсэн түүхтэй.
Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих үйлсэд эмэгтэйчүүдийнхээ оруулж буй хувь нэмрээр зүүн хойд Азидаа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
Одоо ажиллагааны газар оронд 80 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчиллаа
Үндэстэн дамнасан бүлэглэлд элсэж цахимаар үнэт чулууны, хусдаг,алт үнэт эдлэлийн гэх мэт сугалаа зохион байгуулж байсан 17 иргэнийг дайчлан баривчилжээ.
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Гадаад улсын цахим залилах гэмт хэрэг үйлддэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлд Монгол Улсын иргэд элсэж, тухайн бүлгийн аргачлал, заавраар фэйсбүүк орчинд хуурамч хаяг нээн “Хусдаг сугалаа”, “Алт, үнэт эдлэлийн сугалаа”, “Үнэт болон уурхайн чулуу”-ны азтан шалгаруулах шууд бичлэг ашиглан залилах гэмт хэргийг үйлддэг 17 этгээдийг баривчиллаа.

Тухайн этгээдүүд нь иргэдийн итгэлийг олох, хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор Хаан банкны аппликейшныг хуурамчаар зохиож Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа, хонжворын мөнгөн дүнг шууд шилжүүлж байгаа зэргээр зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг Монгол Улсын хилийн гаднаас үйлдсэн болохыг тогтоосон.
Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтад явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 20.3 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.
Энэ төрлийн гэмт хэрэг нь Монгол Улсад 2025 оны 07 дугаар сараас бүртгэгдэж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн этгээдүүд нь 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт бүлэглэлд хамаарах Монгол Улсын 12 иргэн гадаад улсад байрлан энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдэхээр бэлтгэж байгааг тогтоон, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Интерполын "Улаан булант зар" мэдээгээр эрэн сурвалжлан албадан ирүүлэхээр Цагдаагийн байгууллагаас холбогдох ажиллагааг Прокурорын байгууллагатай хамтран шуурхай хэрэгжүүлж байна
-
Шударга мэдээ2021/11/02
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 2.8 сая тун вакцины нөөцтэй
-
Цаг үе2023/11/27
"Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа өнөөдөр эхэлнэ
-
Шударга мэдээ2021/08/13
Хүүхдийн мөнгө барьцаалж зээл авах, банкны зээлд суутгахыг хориглолоо
-
Цаг үе2020/10/23
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
