Шударга мэдээ
Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс-ДЭМБ-ийн харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлээд шинээр томилогдсон Др.Такаши Касайд ажлын амжилт хүслээ.
Др.Такаши Касай Монгол Улсад анх удаагаа ирж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс-ДЭМБ-ын ирэх таван жилийн хамтын ажиллагааны бодлогын баримт бичигт тусгах шаардлагатай гэж үзсэн хүн ам дунд зонхилон тохиолдож буй өвчин, учир шалтгааны талаарх ерөнхий мэдээллийг өгөв.
Үүнд, халдварт өвчин, амиа хорлолт, хавдар, бэлгийн замын өвчлөл, шүдний өвчин нэмэгдэж буйг дурдаад агаарын бохирдол ихтэй, хүнсний аюулгүй байдал муу, урьдчилан сэргийлэлт дутмаг зэрэг учир шалтгааныг тодорхой дурдав. Тухайлбал, агаарын бохирдол нь ажилгүйдэл, ядуурлаас үүдэлтэй, хавдар нь хоол хүнсний чанар, баталгаагүй байдалтай холбоотой ч Засгийн газар, УИХ тодорхой бодлого гаргахгүй байгаа тул ДЭМБ-ын тайлан дүгнэлтэд тодорхой судалгаа, шинжилгээтэй дурдаж, хамтын ажиллагааны гол цөм болгохыг хүслээ.
Мөн энэ асуудалд цаашид анхаарал хандуулж ажиллахыг уулзалтад оролцсон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгаж, Эрүүл мэндийн яамаар дамжуулан нягт хамтын ажиллагаатай байхыг ДЭМБ-ын төлөөлөгчдөөс хүсэв.
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
-
Цаг үе2019/10/21
ОХУ-д зорчих иргэдийн анхааралд!
-
Урлаг спорт2024/03/29
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
-
Улстөр нийгэм2024/03/21
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ
-
Улстөр нийгэм2024/10/09
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг хүлээн авч уулзав
