Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар өнөөдөр “Энэрэл хүүхэд хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийдэг байсан Т.Туяажаргал нь өөртэйгээ адилхан эцэг эхчүүдтэй хамтран “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулжээ. Тус төв  Вива сити хороололд байрладаг бөгөөд MCS групп нийгмийн хариуцлагын хүрээнд түрээсийн төлбөргүйгээр 3 жил ашиглуулж байгаа аж.

“Энэрэл” төвд одоогийн байдлаар оюуны бэрхшээлтэй, тархины саажилттай гэх оноштой 24 хүүхэд явж байгаа аж.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх үйл ажиллагаа болон хөдөлгөөний засал, сургалтууд явагддагаас гадна хүүхдүүдээ харж буй эцэг эхчүүдэд нь ажил эрхлэх боломж олгодгоороо онцлог. Тус төв нь хажуудаа “Ханни” чихмэл тоглоомын үйлдвэртэй бөгөөд хүүхдүүдийнхээ ээжүүдийг ажилладаг байна. Ээжүүдийн урласан тоглоомыг борлуулж олсон ашиг  төвийн үйл ажиллагаанд чамгүй их нэрэм болдог хэмээн “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн тэргүүн Т.Туяажаргал хэлж байв.

Тэрбээр “Энэрэл хүүхэд хөгжлийн төв өнөөдрийг хүртэл статусгүй явж байгаа. Ямар нэгэн стандарт журам байхгүй үйл ажиллагаа явуулж байгаа учраас төрөөс санхүүжилт авахгүйгээр хүүхдүүдийн багахан хэмжээний төлбөр, ээжүүдийн урласан чихмэл тоглоомоосоо санхүүжилтээ зохицуулдаг. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжих орчинг бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй учраас Төр захиргааны байгууллагын харьяа болох эсхүл хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.  Тусгай сургуульд бүртгэлтэй боловч байнгын асаргаатай учраас хичээлдээ явж чаддаггүй маш олон хүүхдүүд гэртээ байна.

Эдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдээ гэрт нь байлгаад байхгүй аль болох өөрт нь тохирсон дасгал хөдөлгөөнийг хийлгэж, хөгжүүлэх сонирхолтой.Бид адилхан зовлонтой эцэг эхчүүд учраас үр хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ хийж явна” гэсээр төвийнхөө үйл ажиллагааг болон чихмэл тоглоомын үйлдвэрээ танилцуулсан юм. Мөн тэрбээр хүүхдүүдийн эрүүл мэндэд тулгамдаж буй гол асуудал эмийн хэрэгцээ дутмаг байгааг хэллээ. Монгол улсад бүртгэлтэй 5 төрлийн эм эмийн хэрэглээ байдаг боловч хүүхдүүдийн биеийн онцлогоос хамаараад таарахгүй байх тохиолдол их байдаг гэнэ.Коронавирусийн халдвараас үүдэж хил хаасантай холбогдуулан гадаадаас захиж авчирдаг эм тасарснаас үүдэж зарим хүүхдүүдийн өвчин хүндэрсэн учраас Энэрэл төвийн хамт олон Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамд удаа дараалан хандаж хүсэлт өгсөн ч амжилт олоогүй талаараа мөн дуулгаж байв.

“Энэрэл” хүүхэд хөгжлийн дэргэдэх “Ханни” чихмэл тоглоомын төвд ээжүүд бүх төрлийн зөөлөн тоглоомуудыг урладаг бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн захиалгаар 100 ширхэг чихмэл туулай урлаж байв. Энд чихмэл тоглоом урлахаас гадна амны хаалт, бээлий, түлхүүрийн оосор бүх төрлийн гар эсгүүрийг хийдэг байна.

Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй 5 хүүхдийн аавууд нэгдэн  “Ирээдүй төв” Төрийн бус байгууллагыг нээж өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг талаараа дууллгалаа. “Ирээдүй төв” ТББ-ын гишүүн хуулийн зөвлөх Ж.Ганболд “Бид өнөөдрийг хүртэл бүх санхүүжилтээ өөрсдөө гаргаж ажиллаж байна.Энэ үйл ажиллагаагаа тогтвортой авч явахад маш хүндрэлтэй асуудлууд их.Тиймээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлсан хөгжлийн төвүүдийг дүүрэг бүрт нээж өгөх, дэмжлэг туслалцааг үзүүлэх шаардлагатай байна. Тусгай сургууль 4, 2 цэцэрлэг байгаа боловч бүтэн цагийн, ганцаарчилсан болон бүлгийн тогтмол хөгжлийн төв зайлшгүй хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд биеэрээ мэдэрч байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хүүхдүүдэд шаардлагатай эмийн жагсаалт болон албан хүсэлтийг УОК, ЭМЯ-д хүргэж, ажил хэрэг болгохыг дуулгаад цаашид тус төвийг стандарт шаардлагад нийцсэн статустай болгох, хувьсах зардлыг олгох асуудлуудыг судалж шийдвэрлэх ажлын хэсэг гаргахаар боллоо.

Мөн 9 дүүргийн хэмжээнд хүүхэд хөгжлийн төвийг нээх асуудлыг  нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн төлөөлүүдэд судалж шийдвэрлэхийг үүрэг болголоо. Тэрбээр хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зөвлөлийг хуралдуулж эрх зүйн орчинг сайжруулах, цаашид хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр анхаарч ажиллана” хэмээлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Огноо:

,

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2026 оны есдүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. 19-21 хэм дулаан байна.


2026 оны есдүгээр сарын 22-ноос

2026 оны есдүгээр сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Хэнтийн хойд сумд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0мм, 22-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Архангайн зарим сумдын нутаг, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр, 22-23-ны шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангайн хойд, Булганы өмнөд сумдын нутгаар, 23-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутаг, Төв болон Өвөрхангай аймгийн хойд сумдын нутгаар 2.0-12.0 мм, 23-24-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-3.0мм, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтий аймгийн ихэнх нутаг, Дорнодын баруун хэсгээр 0.0-10.0мм, 24-нд Баян-Өлгий, Увс, Завханы зарим сумд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын өмнөд хэсгээр 0.0-3.0мм, 24-25-нд шилжих шөнө Баян-Өлгий, Завхан, Архангай, Дорнодын зарим сумдын нутгаар, 25-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн зарим сумдын нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр 4 хэм хүйтнээс 9 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

Огноо:

,

Нийслэлийн ерөнхий боловсролын 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг 3 ээлжээр хичээллүүлэхгүй байх, 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг бууруулах зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 21 гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна. Өнөөдөр “Гэрт ойр сургууль" болох НЕБ-ын 22 дугаар сургууль, НЕБ-ын 73 дугаар сургуулийн орчин, нөхцөлтэй танилцаж, холбогдох хүмүүсээс мэдээлэл авлаа. 

Х.Оюунбаатар: Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн

НЕБ-ын 22 дугаар сургуулийн сургалтын менежер Х.Оюунбаатар “3000-аас дээш сурагчтай “Оюуны ундраа” сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор ерөнхий боловсролын “Оюуны ундраа” ахлах сургууль болон НЕБ-ын 22 дугаар сургууль гэж хоёр хуваан хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. НЕБ-ын 22 дугаар сургууль “Гэрт ойр сургууль” бөгөөд нэгдүгээр ангийнхан хичээллэж байна. Гэрт ойр сургууль нь хүүхдийн гэрээс сургууль хүрэх зайг ойртуулж, сурах орчныг сайжрууллаа. Энэ хичээлийн жилд манай сургуулийн нэгдүгээр ангид 361 хүүхэд суралцаж байна. 11 бүлэгтэй бөгөөд нэг анги 90 м.кв талбайтай ангид хичээллэдэг. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн” гэв.

М.Нямдорж: Гэрт ойр сургууль эцэг, эхийн цаг хугацааг хэмнэж байна

Баянгол дүүргийн 33 дугаар хорооны иргэн М.Нямдорж “Манай хүүхэд нэгдүгээр анги. Нэгдүгээр ангийнхан гэрт ойр сургуульд ахлах ангийнхнаас тусдаа үеийнхэнтэйгээ хамт хичээллэж байгаад баяртай байна. Анги танхим, сандал ширээ хүрэлцээтэй, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх талбайтай, суралцах орчин таатай байгаа учраас олон сургуульд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Хүүхэд сургуульдаа явахад аюулгүй, хол сургууль руу зөөхгүй, эцэг, эхийн цаг хугацааг хэмнэж байна” гэлээ.

Ж.Мөнхцэцэг: Хүүхдэд таатай, тохижилт сайтай, аюулгүй орчин бүрдсэн

НЕБ-ын 22 дугаар сургуулийн бага ангийн багш Ж.Мөнхцэцэг “Хотхоны бага сургууль буюу “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийн хүрээнд манай сургууль үндсэндээ гурван байранд хичээллэж байна. Энэ байранд нэгдүгээр ангийн 11 бүлэг, хоёрдугаар ангийн нэг бүлэг нийт 12 бүлэг хоёр ээлжээр хичээллэж байгаа. Гэртээ ойр учраас хүүхдийг сургуульд хүргэж өгч авахад эцэг, эхийн цагийг хэмнэж, холд замд хүүхдийг зөөж ядраахгүй, ойр амьдардаг хүүхдүүдтэйгээ нэг анги, нэг сургуульд хичээллэхээр найз нөхдийн хүрээгээ тэлэх зэрэг эерэг зүйлс их байна. Цэцэрлэгийн байрыг ашиглаж байгаа учраас хүүхдэд таатай, тохижилт сайтай, аюулгүй орчин бүрдсэн” гэсэн юм.

Д.Уламбаяр: Гэрт ойр сургуульд нэг, хоёрдугаар ангийн 240 гаруй сурагч суралцаж байна

НЕБ-ын 73 дугаар сургуулийн Бага боловсролын сургалтын менежер Д.Уламбаяр “Манай сургуулийн хичээлийн Б байр буюу гэрт ойр сургуульд нэг, хоёрдугаар ангийн нийт найман бүлгийн 240 гаруй сурагч суралцаж байна. Энэ жил нэгдүгээр ангийн сурагчид шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Тус хөтөлбөр нь хүүхдүүдийг сургууль, анги хамт олондоо дасан зохицох, тоглонгоо суралцах боломжийг бүрдүүлснээрээ онцлог. Мөн сурагчдын танин мэдэхүй, сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор шатрын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 16-нд болж, “Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Энэ тогтоолын төсөл нь нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, улирлын шинжтэй үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор бэлтгэх нөөцийн мах бүрдүүлэх ажлыг тасалдуулахгүй зохион байгуулах зорилготой гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээллээ. 

Нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэх хүсэлтээ Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлээд байна. 

Тус тогтоолоор Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээний 2027 оны хаврын махны
нөөцийг бүрдүүлэхэд бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд цахим төлбөрийн баримтын системд үндэслэн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр олгох ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нарт даалгалаа. 

Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар эргэн төлөлтийн уян хатан хуваарь, барьцаа хөрөнгийн таатай нөхцөл бүхий санхүүгийн эх үүсвэрүүдээр аж ахуйн нэгжүүд богино хугацаанд санхүүжиж, хаврын улиралд хүн амын махны хангамж тогтвортой байх, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

2026 оны хаврын улирлын нөөцийн мах бэлтгэлд есөн аж ахуйн нэгж 5016,5 тн мах бэлтгэх төлөвлөгөөтэй байснаас  4864.5 тн мах үйлдвэрийн аргаар бэлтгэн нөөцөлжээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох