Улстөр нийгэм
"Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Монголын анхны тогтмол хэвлэл, үндэсний өдөр тутмын сонин “Монголын Үнэн” сонин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ойд зориулсан “Үнэн сонин ба чөлөөт сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. “Монголын үнэн” сонин, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран зохион байгуулж буй тус хурлыг нээж Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэлсэн юм.
Тэрбээр “Монголын үнэн” сонин нь анх хэвлэгдсэн цагаасаа эхлэн тогтмол хэвлэлийн өнгө аясыг шингээж Монгол Улсын шинэ цагийн сэтгүүл зүйн хөгжлийн түүчээ болж, түүхийн бүхий л цаг үеүдэд уншигчдаа соён гэгээрүүлэх, зохион байгуулах, эв хүчийг нэгтгэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн” гэдгийн онцолсон юм. Мөн XX зууны эхэнд монголчуудын тусгаар тогтнол эрх чөлөөнд уриалан дуудаж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэх уриа дуудлага нь болсон нь Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын үнэн” сонины түүхийн эгзэгтэй цаг үед гүйцэтгэсэн түүхэн үүрэг юм” хэмээлээ.




Өнөөдөр 14:00 цаг хүртэл үргэлжлэх тус эрдэм шинжилгээний бага хуралд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн, доктор, дэд профессор Д.Батмөнх, TV9 телевизийн захирал доктор, профессор Т.Баасансүрэн, доктор, профессор Б.Даш-Ёндон, МУИС-ын Сэтгүүлзүйн тэнхимийн багш доктор, профессор Л.Норовсүрэн, доктор, профессор Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, доктор Ц.Мөнхцэцэг, нар оролцож илтгэл тавьж байна. Тодруулбал,
- Нийгмийн сэтгэл зүйг өөрчилж шинэчлэхэд “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг
- Нийтлэл зүйн бичлэгийн төрөл, зүйлийг хөгжүүлэх, чөлөөт сэтгэлгээг Монголд дэлгэрүүлэхэд "Үнэн" сонины уран бүтээлчдийн гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр,
- Монголын ууган хэвлэлийн үүсэл, хөгжлийн түүхэн онцлог
- Шилжилтийн үед “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг
- XXI зууны улс төр дэх уламжлалт ба шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг нөлөө
- Сонины цаасан архивыг цахимжуулсан туршлага, “Монголын үнэн” сонины жишээн дээр зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Эдүгээгээс 100 жилийн тэртээ 1920 оны 11-р сарын 10-ны өдөр ОХУ-ын Эрхүү хотноо “Монголын үнэн” сонины анхны дугаар 3000 хувиар хэвлэгдэн гарч байжээ.
Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол тэргүүтэй хувьсгалчид Эрхүү хот дахь Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын тусламж оролцоог түшиглэн хилийн чанадад намын анхны хувьсгалт нууц сонин “Монголын үнэн”-г санаачлан гаргаж 1921 оны дөрөвдүгээр сар хүртэл нийт зургаан дугаар хэвлэн тараасан байна. “Монголын үнэн” сонины хамгийн анхны уншигчид нь Ардын хувьсгалын партизан цэргүүд байв.Тэд сониныг уншаад зогсоогүй түүнийг олон нийтийн дунд идэвхтэй сурталчлагч, түгээн тараагч, бие төлөөлөгч болж байжээ.
“Монголын үнэн” сонин нь Монгол Ардын нам болон Засгийн газрын анхны төв хэвлэл бөгөөд тодорхой хугацаанд “Уриа”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг нэрээр хэвлэгдэн гарч байсан байна.
Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.
Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.
Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.
Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
-
Цаг үе2021/01/12
Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Улстөр нийгэм2021/02/14
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна
-
Улстөр нийгэм2026/06/05
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ө...
-
Цаг үе2022/02/17
Ногоон орон сууцыг стандартын дагуу барих шаардлагатайг онцоллоо
