Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив

Огноо:

,

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2021.09.27/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

 

Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн хямрал бүрэн илааршаагүй, эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс сэргэж буй үед боловсруулагдаж байна. Иймд эдийн засгийн сэргэлтийг дэмжих, дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, түүнтэй уялдуулсан бүтцийн өөрчлөлтийн бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлж байна. 

  • Эдийн засгийн өсөлт: Монгол Улсын Засгийн газар, Төв банкнаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор багц бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Ирэх онд эдийн засаг 5.9 хувиар өсөхөд уул уурхайн бус салбарын сэргэлт голлох нөлөөг үзүүлнэ. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого дотоод эрэлтийг дэмжинэ. 

  • Инфляц: Эдийн засгийн сэргэлт, гадаад, дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлс инфляцад нөлөөлж байгаа хэдий ч ирэх онд Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байна. Ирэх оны 4 дүгээр улирлын дундаж инфляц 6.9 хувь байх хүлээлттэй байгаа бөгөөд цаашид инфляцыг 6%-ийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 

  • Зээлийн өсөлт: Банкуудын болгоомжлол үргэлжилсэн хэвээр байгаа  хэдий ч ажлын байрыг дэмжих зээлийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж зээлийн хэмжээ өнгөрсөн оноос 14 хувиар өсөөд байна. Ирэх жилийн хувьд эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд шаардлагатай зээлийн өсөлтийг 14-15 орчим хувьд хүлээж байна. Цаашид дунд хугацааны тогтвортой байдлыг байдлыг хангах зээлийн өсөлтийн түвшинг 15-20 хувьд тогтворжуулна.

  • Төлбөрийн тэнцэл: Гадаад, дотоод эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор нийт төлбөрийн тэнцэл 2022 онд 200 гаруй сая ам.долларын ашигтай байх төлөвтэй байна. Дотоод эдийн засгийн сэргэлт нь импортыг нэмэгдүүлж байгаа ч дэлхийн эдийн засгийн сэргэлт Монгол Улсын экспортын үнэд таатай нөлөө үзүүлж байна. Түүнчлэн, олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд, бизнесийн түншүүдийн санхүүгийн дэмжлэг валютын урсгалыг дэмжих төлөвтэй байна.

 

Эдийн засгийн сэргэлт үргэлжилж байгаа хэдий ч дараах хэд хэдэн асуудалд ойрын хугацаанд голлон анхаарал хандуулах шаардлагатай байна. Тухайлбал, 

  • Цар тахлын нөхцөл байдал төсөөллийн тодорхой бус байдлын гол эх сурвалж байна.

  • Эдийн засгийн сэргэлт жигд бус, хүртээмжтэй бус байна. Өрхийн хэрэглээ сүүлийн 3 улирал агшсан, үйлчилгээний салбарын агшилт үргэлжилж байна.

  • Уул уурхайн салбарын хувьд нүүрсний экспортод үүссэн доголдол нь уул уурхайн салбарын өсөлт, түүнийг дагасан холбогдох салбаруудын өсөлтөд сөргөөр нөлөөлж, валютын урсгалыг нэмэгдүүлэх боломжийг алдагдуулсаар байна.

  • Түүнчлэн, тээвэр логистикийн доголдол нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг нэмэгдүүлж, сэргэлтийг удаашруулж байна.

  • Инфляц 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9%-д хүрч нэмэгдсэн хэдий ч гадаад, дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлс дийлэнх хувийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, инфляцын хувьд 7-8 дугаар сар нь импортын барааны томоохон нөлөөтэй сарууд болж өнгөрлөө.

 

Төрөөс мөнгөний бодлогын  талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр дараах асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгалаа. 

 

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 онд баримтлах үндсэн чиглэл нь ковидын хүндрэлээс гаргах ногоон-хүртээмжтэй сэргэлтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлтийн эхлэлийг тавихаар зорьж байна. Эдгээр асуудлууд нь цар тахлын дараах сэргэлтийн бодлого уялдаж, дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй.

 

Дунд хугацааны тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн уул уурхайн бус экспортын бизнесийн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр бусад бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн, ФАТФ-ын 2023 оны харилцан үнэлгээний бэлтгэл ажлыг хангах, сайжруулах арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх чиглэлийн ажлуудыг зорилт болгож байна. 

 

Түүнчлэн, макро эдийн засгийн бодлогын хувьд инфляцыг тогтворжуулах, банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн найдвартай байдлыг хангах, хөгжлийг дэмжихэд чиглэсэн Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.

Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.

Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Огноо:

,

Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.

Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Огноо:

,

БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.

БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.

БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.

Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.

Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох