Шударга мэдээ
Томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын цэгийг ажиллуулж эхэллээ
Нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад буй. Сэргээх тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр хийж, иргэдийг дархлаажуулж байгаа ч иргэдийн оролцоо хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл өнөөдрөөс томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын түр цэг ажиллуулж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд нийт 30 гаруй зах, худалдааны төвд дархлаажуулалтын түр цэг ажиллуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 16 газартай гэрээ байгуулж, долоон цэгт дархлаажуулалт хийж эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд хэлэхдээ:
-НЗДТГ-аас санаачлан дархлаажуулалтын түр цэгийг томоохон худалдааны төв, захуудад ажиллуулж эхэллээ. Дархлаажуулалтын түр цэг нь тухайн зах, худалдааны төвийн ажилтнуудад төдийгүй иргэдэд үйлчлэх зорилготой. Ингэснээр үйлчилгээ иргэдэд ойртож, ажлынхаа зав зайгаар бус, худалдаа, үйлчилгээ авах зуураа вакцинд хамрагдах боломжийг олгож буй юм. Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд дархлаа сэргээх түр цэгийн ажилтнуудын хуваарийг гарган ажиллуулж байгаа. Вакцинаторуудаа зөв хуваарилж, зөв газарт нь, зөв цагт ажиллуулах үүргийг тэд хүлээж байгаа. Харин зах, худалдааны төв, аж ахуйн нэгжийн хувьд түр цэг ажиллах байр, талбай гаргаж, нийгмийн хариуцлагын хүрээнд түрээс, мөнгө авалгүйгээр дэмжиж байгааг дуулгая. Дархлаа сэргээх тунгийн хамрагдалтыг 50 хувьд хүргэснээр “Ковид-19” цар тахлын давлагааг даван туулж, хэвийн амьдралдаа орох нөхцөл бүрдэнэ.
-Дархлаажуулалтын цэгт ажиллах мэргэжилтнүүд хүрэлцээтэй байгаа юу?
-Аравдугаар сараас эхлэн бид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ХӨСҮТ-тэй хамтран вакцинатор бэлтгэх сургалт явуулсан. Нийтдээ 45 вакцинатор бэлтгэгдэн гарч байна. Мөн сувилагч нарт ХӨСҮТ-ээс богино хугацааны сургалт явуулсан. Мэргэжилтнүүд хангалттай бэлтгэгдсэн гэлээ.
Сэргээх тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэхээр дархлаажуулалтын цэгт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн хувьд вакцины түр цэг ажиллуулснаар үйлчилгээ иргэдэд ойртож, вакцинд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа.

Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны вакцинатор сувилагч Б.Уранзаяа:
-Манай өрхийн эрүүл мэндийн төвийнхөн төв дээрээ нэмэлт тунг хийхээс гадна олон ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагуудад очиж үйлчилж байгаа. Өнөөдрөөс эхлэн “Баянзүрх” зах, “Хан талст” худалдааны төвд байршиж ажиллаж эхэллээ. Өнөө өглөөний 10:00 цагаас эхлээд 14:30 цаг хүртэлх хугацаанд 76 иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна. Захын түрээслэгчид болоод иргэдийн хувьд дархлаажуулалтын баг иргэдэд ойр ажиллаж эхэлсэнд талархалтай хандаж байгаа гэлээ.

Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Аззаяа:
-Өнөөдөр эхэлсэн вакцины цэгт маань гурван цагийн дотор 35 иргэн нэмэлт III тун тариулаад байна. Одоогоор хүндрэл бэрхшээл гараагүй, ажил хэвийн үргэлжилж байна. Бид наймдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвийн Иргэний танхимд дархлаа сэргээх нэмэлт тун хийж байгаа. Нийтдээ 2000 гаруй иргэн нэмэлт тунд хамрагдсан. Хүмүүс сэргээх тунгийн ач тус, үр нөлөөг сайн мэдэхгүй гэхээсээ илүү тусгайлан зав гаргах боломжгүй байх шиг санагддаг. Харин томоохон худалдааны төвүүд, зах дээр вакцин тарьж эхэлснээр үдийн цайны цаг болоод ажил тарсны дараа амжуулаад сэргээх тунгаа хийлгэх боломжтой болж байгаа нь сайн хэрэг хэмээн өгүүлж байлаа.

Шударга мэдээ
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ. Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.
Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Айчи-Нагоя-2026 Азийн XX наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин, Азийн пара V наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин 19 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Шударга мэдээ
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.
Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа.
150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа.



