Улстөр нийгэм
П.Нямдаваа, А.Нота нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР:
- Дэлхийд үнэлэгдсэн олон бүтээл туурвин нээлт хийж, вирусологи, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, вирусологич, төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, профессор, Эрүүл мэндийн яамны Дархлаажуулалтын зөвлөх хорооны дарга Пагважавын Нямдаваа;
- Мэдрэлийн мэс заслын салбарт шинжлэх ухаан, сургалт, эмнэлэг, үйлчилгээний нэгдлийг ханган ажиллаж, уураг тархины судасны эмгэгийн онош, мэс засал, эмчилгээг онолын хувьд баталгаажуулж практикт бүрэн нэвтрүүлэн, үр дүнг нь дэлхийн түвшинд хүргэсэн Ардын эмч, “Ачтан” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Ануарын Нота;
АРДЫН ЭМЧ ЦОЛООР:
- “Гурван гал” эмнэлгийн нүдний мэс заслын зөвлөх эмч, гавьяат эмч Моломын Алтанхүү;
- Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, гавьяат эмч Рамишийн Асай;
- Нийслэлийн Өргөө амаржих газрын зөвлөх эмч, гавьяат эмч Буяндэлгэрийн Бүлтэн;
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, гавьяат эмч Рүвжирийн Шагдарсүрэн;
АРДЫН БАГШ ЦОЛООР:
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Биологийн тэнхимийн тэргүүлэх профессор, гавьяат багш Агваандарамын Гүрбадам;
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зөвлөх профессор, гавьяат багш Дэнсмаагийн Дүнгэрдорж;
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх Жанчивын Оюунбилэг;
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
- Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасгийн их эмч Пүрвээгийн Алтанцэцэг;
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Сономын Амармандах;
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний зөвлөх эмч Жамбын Батмагнай;
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын сургуулийн ахмад багш, профессор Лувсангийн Мөнгөнцэцэг;
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Лхасүрэнгийн Намжилсүрэн;
- “Жинст” эмнэлгийн ерөнхий эмч Самдангийн Норжмаа;
- “Эх үрсийн холбоо” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Үзэгийн Сагараажав;
- Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал, их эмч Цэдэв-Очирын Төмөр-Очир;
- Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дотрын зөвлөх эмч Гунгаагийн Тунгалаг;
- Хавдар судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, их эмч Сэнгээгийн Хүрэлсүх;
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн зөвлөх эмч Доржийн Чулуунцэцэг;
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр, ам судлалын сургуулийн ахмад техникч Ерөөлтийн Баасанхүү;
- Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч Цээхүүгийн Ганхүү;
- Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга асан Доржийн Нарангэрэл;
- Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга асан Дорлигжавын Нарантуяа;
- “Этүгэн” анагаах ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн удирдлагын багш Дашдаваагийн Отгонбаатар;
- Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн асрагч Сүхбаатарын Отгонбаяр;
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх Нагнийн Сайжаа;
- Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх тасгийн сувилагч Дашдаваагийн Урантөгс;
- Сүхбаатар дүүргийн “Дотны туслагч” өрхийн эрүүл мэндийн их эмч Чойжилжавын Цэрэндолгор;
- Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагч Балдансүрэнгийн Цэцэгдэлгэр;
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эмгэг физиологийн тэнхимийн багш, профессор Цэвэгжавын Цэрэгмааг шагналаа.
Мөн уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээний аргыг түгээн дэлгэрүүлж, эрүүл мэндийн салбарт авьяас чадвар, мэдлэг туршлагаа дайчлан үр бүтээлтэй ажилласан, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Өргөө амаржих газрын эх баригч Зундуйн Даариймаа, “Манба дацан” нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Ганбаатарын Одонцэцэг, “Энхийн хайр мед” хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч Даваагийн Сүрэнжав нарыг, Алтан гадас одонгоор “Төгөл” ахмадын сувиллын аж ахуйн ажилтан Галхүүгийн Гансүх, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эрхлэгч, их эмч Цэрэнсамбуугийн Үржиндэлгэр, Хөдөлмөрийн хүндэт медалиар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч Содовын Алтанбагана, Хавдар судлалын үндэсний төвийн дурангийн тасгийн их эмч Баатарнумын Амарбат нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.







Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.
Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.
Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.
Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
-
Цаг үе2024/06/06
Өнгөрсөн онд нийт экспортын 84 хувийг авто замын боомтоор гаргажээ
-
Цаг үе2022/02/18
Олон улсын зуны нислэгийн цагийн хуваарь
-
Улстөр нийгэм2020/01/22
ГХЯ, МҮХАҮТ-ын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
-
Цаг үе2020/04/08
Чилийн Боловсролын яамнаас коронавируст халдварын тархалтын үед авч, хэрэгжүүлж ...



