Шударга мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд даргатай цахим уулзалт хийв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтыг хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалтын мөрөөр ийнхүү шуурхай зохион байгуулсан бөгөөд уулзалтад Элчин сайд Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар байлцав.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хоёр улсын хооронд хэрэгжүүлэх боломжтой дэд бүтцийн томоохон төслүүд, тухайлбал, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох, Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг тойрсон тойрог хурдны зам барих зэрэг Монголын талаас тэргүүлэх ач холбогдол өгч буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
БНХАУ-ын ХШХ-ны дэд дарга Нин Жыжө Монголын талаас дэвшүүлж буй төслүүд нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах, Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны хүрээ болон “Бүс ба Зам” санаачилгатай тус тус уялдаж байгааг тэмдэглээд дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж, дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн энэ уулзалтын мөрөөр дээрх асуудлуудаар дахин бэлтгэл ажлыг хангаж, холбогдох байгууллагууд хооронд энэ сарын дундуур дахин уулзалт хийж, төслүүдийг урагшлуулахаар тохиролцлоо.

Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
Шударга мэдээ
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.07.22) Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Л.Гантөмөр, П.Ганзориг нар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулсан судалгааны дүнд хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь 4 болон түүнээс дээш цаг интернет ашигладаг бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь нь нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор интернет ашигладаг хэмээн хариулсан байгааг төсөл санаачлагчид танилцууллаа. Иймд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулахаар Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Ж.Галбадрах, П.Ганзориг, Л.Гантөмөр, Б.Жавхлан, С.Лүндэг, Ч.Номин, О.Номинчимэг нар 6 бүлэг, 20 зүйлтэй, анхдагч бие даасан хуулийн төслийг боловсруулжээ.
Өнөөгийн байдлаар хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалахтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөлөл, дарамт, мөлжлөг, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг тодорхой болгох зорилгоор төслийг боловсруулсан байна.
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн зорилт нь хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулах, хүүхдийг цахим дарамт, донтолт, заналхийлэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох, төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг зохицуулах аж.
Тухайлбал, нийгмийн сүлжээний эрсдэлд үндэслэн 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд насанд тохирсон зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Технологийн энэхүү хамгаалалтын арга хэмжээтэй уялдуулан нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад Нийгмийн сүлжээ, Харилцаа холбоо зэрэг үйлчилгээ эрхлэгчид болон тэдгээр үйлчилгээг хэрэглэгч хүүхдүүд, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын байгууллагуудын хүлээх чиг үүргийг тодорхойлжээ.
Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад оролцогч төрийн эрх бүхий байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна.
Төслийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэхийн зэрэгцээ олон улсын эрх зүйн баримт бичиг, гадаад улсын туршлагыг харьцуулан судалж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран үе шаттай судалгаа, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан хэмээн Улсын Их Хурлын даргад төсөл санаачлагчид танилцуулсан юм.
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт боловсруулж буй бусад хуулийн төсөлд олон нийтийн саналыг авахаар Улсын Их Хурлын d.parliament.mn цахим сүлжээнд байршуулахад 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 660 иргэн танилцсан аж.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал сайжирч, цахим орчин дахь эрсдэл, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага нэмэгдэж, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо боловсронгуй болох ач холбогдолтой юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
