Цаг үе
Улаанхотын "Домгийн хүлэг” булангийн эко жуулчлалын бүс
“Ирээдүйн төлөө хамтдаа – Хөдөөг сэргээн хөгжүүлэх үйлсэд анхаарлаа хандуулъя” сэдэв дор 8 сарын 26-нд нээлтээ хийсэн Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга - 2022 үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотын Улаанхад суурингийн Гаогэн-Инз гацаанд үргэлжилж байна.
Улаан хотын Улаанхад суурингийн Гаогэн-Инз гацааны Шэньжюнь буюу Домгийн хүлэг булангийн эко жуулчлалын бүс өмнө нь хаягдсан уурхайн элсэн цооног төдийхөн газар байжээ. Энд бүх насныханд зориулсан усан тоглоомын талбай, гэрэлт жим, үлэг гүрвэлийн парк, торон гүүр, аяллын хөлөг онгоцны зогсоол зэрэг амралт чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэх боломжийг цогцоор нь бүрдүүлсэн байна. Энэ газарт өдөртөө дээд тал нь 7000 гаруй жуулчин ирдэг аж.
Гаогэн-Инз гацааны Домгийн хүлэг булангийн эко жуулчлалын бүсэд хийсэн бүх дорвитой өөрчлөлт экологийн орчныг нөхөн сэргээх төсөлтэй салшгүй холбоотой юм. 2019 онд ӨМӨЗО-ны Тамхины монополь товчоо (компаний) тусламжтайгаар Улаан хотын Захиргаа, Намын хороо дотоод дахь нөөц бололцоогоо түшиглэн, бүс нутгийн хэмжээнд ерөнхий төлөвлөлтийг хийж цэгцэлснээр Туур голын усны экологийн менежментийн төслийг хэрэгжүүлж, иж бүрэн цэвэрлэгээ, нөхөн сэргээлтийг явуулж чадсан юм.
Төслийн эхний шатанд 8 сая юань, хоёрдахь шатанд 18 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, Гаогэн-Инз гацааны зүүн талын 20 гаруй га орхигдсон уурхайн нүх ба түүний хүрээлэн буй орчны экологийг сэргээснээр хадны наран шарлагын газар, элсэрхэг наран шарлагын газар, аялал жуулчлалын үйлчилгээний төв, экологийн зогсоол, үзвэрийн тавцан, загас агнуурын хөлөг онгоцны зогсоол, усан оргилуур, жимс хүнсний ногоо хураах цэцэрлэг, байгалийн үзэсгэлэнт газруудын хаалга болон бусад туслах дэд бүтцийг байгуулжээ.
Үүний зэрэгцээ, Улаанхотын тээврийн товчоо 5 сая юанийн хөрөнгө оруулалтаар 3.3 км аялал жуулчлалын зам тавьж, тосгоны 6000 орчим хавтгай дөрвөлжин метр талбай бүхий соёлын талбайг шинэчлэн засварласан байна.
Экологийн нөхөн сэргээлтэд суурилсан хөдөө тосгоны аялал жуулчлал нь Гаогэн-Инз гацаанд хөгжлийн шинэ жимийг авчирч, орчин үеийн хөдөө аж ахуй, орчин үеийн аялал жуулчлалыг хослуулсан бизнесийн шинэ хэлбэрийг аажмаар бүрдүүлж, хөдөө тосгоны эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч болжээ. Ирээдүйд энэ нутаг эрчтэй хөгжих нь эргэлзээгүй.
Найруулагч:С.Бүрэнбаяр
Цаг үе
Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ
Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 2026 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд сэрэмжлүүлэг гаргалаа.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
ЯПОН УЛСЫН КҮМАМОТО МУЖИД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ
2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн (Мягмар) 16:27 цагт Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох 7 баллын чичиргээ бүртгэгдлээ.
Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан, худалдааны төвд олон хүн гацсан тухай мэдээлэгдэж байна. Мөн хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдаж, зарим бүсэд цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүсээд байна.
Газар хөдлөлтийн дараа Ариакэ тэнгис болон Яцүширо тэнгист нэг метр хүртэлх өндөртэй цүнами үүсэх эрсдэлийн улмаас сэрэмжлүүлэг гаргасан боловч далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалжээ. Үүний зэрэгцээ 17:08 болон 19:03 цагийн орчимд Күмамото мужид дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн нь идэвхжил үргэлжилж байгааг харуулж байна.
Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.
Япон Улсад, ялангуяа Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг:
• Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг тогтмол дагаж мөрдөх;
• Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн болон эргийн бүсээс хол байх;
• Онцын шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх;
• Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх;
• Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны зааврын дагуу нүүлгэн шилжүүлэх байранд шилжин байрлахыг зөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч буйгаас гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор авагдаагүй байна.
Тус бүсэд оршин сууж буй Монгол Улсын иргэд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдон туслалцаа авах боломжтой.
Элчин сайдын яам нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэх болно.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам
Цаг үе
Эрдэнэт хотын Хавдрын төвд БНСУ-ын шинэ технологийн дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Монгол Улсын Эрүүл мэндийн яам Бүгд Найрамдах Солонгос Улсын "АдипоЛабс" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.
Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, "АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь салбарын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болохыг тэмдэглэлээ.
"АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг Монгол Улсад хандивласнаар хорт хавдартай өвчтөнүүдэд орчин үеийн эмчилгээ хийх боломж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү хандив нь олон өвчтөний эмчилгээнд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттай хөгжүүлж байгаа бөгөөд шинээр хүлээлгэн өгсөн "REMISSION 1°C" төхөөрөмж нь хорт хавдрын дулаан эмчилгээний шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх, бүсийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.
Цаг үе
НҮБ-ын зөвлөх Винстон Чан ОБЕГ-ын алба хаагчдад дэлхийн эрэн хайх, аврах ажиллагааны шинэ чиг хандлагыг танилцууллаа
НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, "Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг" сэдвээр мэдээлэл хийлээ.
Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болсон томоохон газар хөдлөлтийн гамшгаас авсан сургамж, олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны хөгжлийн чиг хандлага, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагаа, олон улсын эрэн хайх, аврах багуудад тавигдаж буй шинэ шаардлагын талаар хэлэлцэв.
Мөн цаашид хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд баримтлах чиглэл, шинэ сорилт, хөгжлийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Винстон Чан энэ сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах хугацаандаа Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзахаас гадна НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Хот доторх эрэн хайх, аврах гадаад ангиллын аттестатчилалд хамрагдах бэлтгэл ажлын явцтай танилцах юм.
-
Улстөр нийгэм2023/09/20
УЕПГ: Авлига, албан тушаалын 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ
-
Улстөр нийгэм2019/12/30
Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
-
Цаг үе2024/04/09
“Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гарсан галыг бүрэн унтраал...
-
Цаг үе2025/06/17
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ





