Улстөр нийгэм
Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын нээлтийн ёслол боллоо
"Ирээдүйн төлөө хамтдаа, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулъя" сэдэвт 2022 оны Хятад, Монгол хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын нээлтийн арга хэмжээ 08-р сарын 26-нд боллоо.
Тус арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Синьхуа сайтын Өвөр Монгол дахь салбар хамтран зохион байгуулж байна.
Нээлтийн арга хэмжээг ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга, Киноны газрын дарга Үнэнч даргалж, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Тянь Юйхүн, Синьхуа агентлагийн Өвөр Монгол дахь салбарын дэд дарга Ү Шянь, Өвөр Монголын Хянган аймгийн захиргааны хэвлэл мэдээллийн албаны дарга Фэй Лишинь, Синьхуа сайтын Хүбэй дэх салбар компанийн захирал Тянь Жянь, Синьхуа сайтын Өвөр Монгол дахь салбар компанийн захирал Ван Юйтянь, Өвөр Монголын Өдрийн Сонины Солонго мэдээллийн төвийн захирал Жиньшань, Өвөр Монголын Олон улсын радио телевизийн газрын дарга Хасшувуу, Синьхуа сайтын Өвөр Монгол, Хүбэй, Жэжян, Гүйжөү, Хэбэй дэх салбар компани, ӨМӨЗО-ы хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслүүдийн төлөөлөгчид болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Ө. Отгонбаатар, МоСАХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг, Төр.мн сайтын эрхлэгч Шүрэнцэцэг болон монголын талаас 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцож Монгол Улсын сонин, радио, телевиз, сайтуудын сэтгүүлчид оролцож, холбогдох хүмүүс санал бодлоо солилцон үг хэлж, хоёр орны хэвлэл мэдээллийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэх, Хятад, Монголын найрамдлын төлөө хамтран ажиллах зорилгоо илэрхийллээ.

2022 он бол Хятад орон ядуурлаас ангижруулсан амжилтаа бэхжүүлэх болон хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхтэй үр дүнтэй уялдуулах анхны жил, мөн Монгол Улсын “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ын анхны жил юм. Энэ удаагийн Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээний гол сэдэв нь “Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх”-д төвлөрч, Хятад, Монгол хоёр орны хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхийг ахиулах, хоёр орны ард түмэн цахим мэдээллээр хамтран туршлага судлах зорилготой зохион байгуулагдаж байгаа болно.
Арга хэмжээ 08-р сарын 26-ны өдрөөс 09р сарын 02-ны өдрүүдэд Хянган аймгийн хот хөдөө орон нутгуудад зохиогдож, Хятад, Монголын сэтгүүлчид хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх, аж үйлдвэрийн хөгжил, тариачин малчны орлогыг нэмэгдүүлж баяжуулсан зэрэг амьд жишээ болон үр дүнтэй арга барилыг танилцуулах юм.
Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.
Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.
Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.
Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
