Улстөр нийгэм
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1023 иргэнийг илрүүлжээ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр боллоо. Зөвлөгөөний үеэр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод хэв журмын нөхцөл байдал ямар байсан талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагын удирдлагууд өглөө.

Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд: "Өнгөрч буй хугацаанд нийслэлийн гудамж замд 481 алба хаагч хяналт тавьж, үүрэг гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар 38,529 зөрчил, камерын хяналтаар 26,496 зөрчлийг илрүүлж ажилласан. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1023, согтуугаар зам тээврийн осол хэрэг гаргасан 23 зөрчлийг илрүүлэн баримтжуулан шалгаж байна. 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 3615 дуудлага мэдээлэл ирсэн. 3500 нь зам тээврийн осол аваар гарсны улмаас 48 иргэн гэмтэж бэртсэн байна. Тэдний 33 нь явган зорчигч юм. Осол аваарын дуудлага өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулж ажиллалаа. Энэ ажлын үр дүн сайн гарсан бөгөөд ерөнхий боловсролын сургууль орчимд элдэв хэрэг зөрчил гараагүй, иргэд дугаарын хязгаарлалтад идэвхтэй оролцсон" гэв.

Мөн Нийслэлийн ОБГ-ын дарга, хурандаа А.Дашням: "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 38, усны холбогдолтой гурав, аврах ажиллагааны долоо, өндрөөс аврах ажиллагааны нэг дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн аюултай бүсээс 171 иргэнийг аварч, 7.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс дуудлагын тоо 22.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Туул, Хэрлэн, Тэрэлж голын завьт эргүүл гаргасны сацуу тарваган тахлаас сэргийлэх хууль бусаар агнан нийслэлд нэвтрүүлэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хяналт шалгалтаар 15 ширхэг тарваганы мах илрүүлж, Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгсөн. Есдүгээр сарын 5-ны байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин таван аймгийн найман суманд, мялзан өвчин таван аймгийн 12 суманд, хонины цэцэг өвчин нэг аймгийн нэг суманд, үхрийн арьс туурах өвчин дөрвөн аймгийн найман суманд тус тус бүртгэгдсэн. Тиймээс малын халдварт өвчнийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх чиглэлийн бүхий л арга хэмжээг зохион байгуулж байна" гэлээ.
Улстөр нийгэм
Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх үүрэг өглөө
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.
Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдэд дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө.
Хөдөө, орон нутагт ШТС-ууд зориулалтын саванд шатахуун олгохгүй байна гэдэг асуудлыг иргэдийн зүгээс тавьсан.
Тэгвэл шуурхай штабын зүгээс зөвхөн Улаанбаатар хотод АИ92 шатахууныг саванд олгохгүй байх зохицуулалтыг түр хугацаанд хэрэгжүүлж, 8-р сарын 15-нд хязгаарлалтыг зогсоосон байдаг.
Иймээс хөдөө орон нутагт автобензин болон дизель түлшийг зориулалтын саванд хэвийн олгохыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням аж ахуйн нэгжүүдэд сануулж, бүх ШТС-уудад мэдээлэл хүргэж ажиллахыг сануулав.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж эхэлсэн. Гэсэн ч хөдөө орон нутагт шатахууны хүлээгдэл бүрэн арилаагүй байна. Тэр дундаа Өмнөговь, Архангай, Дорнод, Дорноговь, Төв аймагт шатахууны хүлээгдэл өндөр байгаа учраас тус таван аймагт нэн даруй хангамжийг нэмэгдүүлэх үүргийг аж ахуйн нэгжүүдэд өглөө.
Мөн шуурхай штабын өнөөдрийн хурлаар уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг дизель түлшний гурван сарын нөөц бүрдүүлэхийг анхааруулав.
Өнөөдрийн байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 7,6 хоног, “Багануур” ХК 12 хоног, “Монголросцветмент” ТӨҮГ 55 хоног, “Шивээ-Овоо” ХК 22 хоног, “Эрдэнэт” ТӨҮГ 16 хоног, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК 15 хоног, Хөтөлийн “Цемент Шохой” ХХК 20 хоногийн тус тус нөөцтэй байна.
Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК гурван сарын хэрэглээг хангах хатуу гэрээ байгуулах болоод 20000 метр кубын багтаамжтай агуулах барих бэлтгэл ажлуудыг хангаж байна.
Ойрын хугацаанд агуулах, сав түрээслэх, нэмэлт нөөц бүрдүүлж, эргэн мэдээлэх үүрэг өглөө гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Улстөр нийгэм
Ерөнхий хяналтын сонсгол болно
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’
Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:
- Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг доор дурдсан цахим шуудангаар ирүүлж болно.
- Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.
Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах: Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай тул аль өдөрт нь сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа хүсэлтэд тодорхой бичнэ үү.
Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.
Анхаарах: Оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
Ажлын алба
-
Улстөр нийгэм2021/09/27
УИХ-ын Намрын чуулган ирэх сарын нэгэнд эхэлнэ
-
Урлаг спорт2024/07/30
“Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмаар 256 бөх зодоглоно
-
Улстөр нийгэм2021/04/09
Бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед зах, худалдааны төвүүдэд өдөр бүр хяналт, шалга...
-
Цаг үе2021/08/03
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд
