Улстөр нийгэм
Ө.Гантөр: Ажлын байрыг дэмжих зээлийн 1.1 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн байна
Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлаад хоёр сар орчим хугацаа өнгөрлөө. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд Төрийн банк ямар ажлуудыг хийж ажиллаж байна вэ?
Тус хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”, “Ипотекийн зээл”, Монголбанкны репо санхүүжилтийн эх үүсвэртэй зээлүүдийг олгоод явж байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд өнөөдрийн байдлаар манай банк 3,069 харилцагчийн 126.1 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Мөн 1,540 зээлдэгчийн 138.6 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байна. Ипотекийн зээлийн хувьд нийт 957 харилцагчийн 74 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 249 зээлдэгчид 19.5 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Монголбанкны Репо санхүүжилттэй зээлийн хувьд 9 зээлдэгчид 2 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Судалгаанд 7 зээлдэгчийн 10.5 тэрбум төгрөгийн зээл байна.
Мөн “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” буюу малчдыг дэмжих, ноолуур бэлтгэлийн, хаврын тариалалтын жилийн 3 хувийн хүүтэй, 1-3 жилийн хугацаатай, 500 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөрт Төрийн банк хамтран ажиллах гэрээ байгуулж, нөхцөл журмыг батлан, харилцагчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд бэлэн болоод байна.
Ажлын байрыг дэмжих зээлийг банкууд гаргахгүй байна гэсэн яриа их байна. Энэ тал дээр тайлбар хэлээч. Мөн эх үүсвэр дуусах уу?
“Ажлын байрыг дэмжих зээл”-ийн олгох нийт хэмжээ банкны системийн хэмжээнд 2 их наяд төгрөг байгаа. Тус зээлийн эх үүсвэрийн хувьд банкууд өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа бөгөөд олгох зээлийн нийт хэмжээг Монголбанкнаас банк тус бүрт тогтоож өгч байгаа. Мөн банк болгоны эх үүсвэр харилцан адилгүй тул ирж буй зээлийн хүсэлтийн хэмжээ, олгоод байгаа зээлийн хэмжээ зэргээ харгалзан хүсэлт хүлээж авахыг зогсоох эсэх асуудлыг тухайн банк өөрөө шийдэх байх. Манай банкны хувьд зээлийн хүсэлтийг хэвийн авч байгаа. Хэдий хөл хориотой байгаа ч харилцааны менежерүүд зайнаас зээлийн хүсэлтийг судалж, банкны зээлийн хороо цахимаар хуралдаж зээлийг шийдвэрлэн гаргаж байгаа. Уг зээлийн хүсэлт авч эхэлснээс өнөөдрийг хүртэл манай банканд 12,283 харилцагчийн 1.1 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн. Энэ нь эрэлт хэр их байгааг харуулж байгаа бөгөөд нөгөө талаараа банкны ачаалал ч нэмэгдэж байна.
Бизнесийн зээлтэй зээлдэгчдийн хувьд “Ажлын байрыг дэмжих зээл” болон Репо санхүүжилтийн зээлээр дахин санхүүжилт хийж нөхцөл сайжруулах боломжтой юу?
Уг хоёр зээлийн хувьд дахин санхүүжилтээр олгох нийт зээлийн хэмжээ нь зээл олгох хугацаанд банкны олгох зээлийн нийт дүнгийн 30 хувиас хэтрэхгүй байх гэсэн шаардлага байгаа. Иймээс хэмжээ хязгаартай гэсэн үг. Мөн өмнө авсан зээлийн зориулалт нь “Ажлын байрыг дэмжих зээл” болон “Репо санхүүжилтийн зээл”-ийн зориулалттай ижил байвал дахин санхүүжилт хийж болж байгаа. Өөрөөр хэлбэл, зээлдэгч ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэхээр зээл хүсч байвал Ажлын байрыг дэмжих зээлээр дахин санхүүжилт авч болно. Харин хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл хүсэх тохиолдолд зээлийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Ажлын байрыг дэмжих зээл нь КОВИД 19 цар тахлаас шалтгаалж цалингаа тавьж чадахаа больсон, түрээсээ төлж чадахгүй байгаа, эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон бизнесүүдэд үйл ажиллагаагаа зогсоохгүй явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой бол Репо санхүүжилтийн зээл нь жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортыг дэмжих зорилготой бөгөөд зээл олгох дээд хэмжээ нь Репо санхүүжилттэй зээлийн хувьд 3 тэрбум төгрөг хүртэл хэмжээтэй гэдгийг харилцагчид маань ойлгох хэрэгтэй байна.
Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой комиссоос нийслэлд хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд иргэд, байгууллагууд банкны үйлчилгээ авах шаардлага үүсч байна. Төрийн банк хөл хорионы үед хэрхэн ажиллаж байна вэ?
Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийслэлд хөл хорио тогтоосон тул Улаанбаатар хотын салбар нэгжүүд ажиллахгүй байгаа. Манай харилцагч байгууллага аж ахуйн нэгжүүд цалингаа олгох, тендерийн баталгаа гаргуулах, валют арилжаа хийх зэрэг яаралтай санхүүгийн гүйлгээнүүд хийх шаардлагатай байдаг тул цөөн тооны салбарыг дотоодод нь ажиллуулж цахимаар харилцагчдынхаа гүйлгээг хийх боломжийг олгосон. Харин харилцааны менежерүүд зайнаас ажиллаж зээлийн хүсэлтийг судлан шийдвэрлэж байна. Банкны зээлийн хороод хэвийн үеийнхтэй адил цахимаар хуралдаж холбогдох шийдвэрүүдээ гаргаад явж байгаа. Нэг үгээр хэлбэл, Төрийн банк энэ цаг үед ажиллаад, зээлээ олгож байна.
Орон нутгийн 412 салбар нэгжээс аймгийн онцгой комиссын шийдвэрээр 145 нэгж ажиллахгүй байгаа. Бусад 267 салбар нэгжийн үйл ажиллагаа хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-17:30 цагийн хооронд харилцагч нартаа үйлчилгээ үзүүлж байна.
Нэг үеэ бодвол харилцагчид маань банкны үйлчилгээг цахимаар аваад сурчихлаа. Гэсэн хэдий ч зарим харилцагчид картын нууц дугаараа андуурах, мартсаны улмаас АТМ-д залгиулах, цахим банкны нууц үгээ андуурч хаалгах асуудлууд гарч байгаа. Дээрх шалтгаанаар болон банкны зарим үйлчилгээг зайнаас авах гэсэн иргэд Төрийн банкны 1800-1881 дугаарт ихээр хандах болсон. Хэвийн үеийнхээс ачаалал хэд дахин ихсэж харилцагчид бухимдах болсонтой холбогдуулан банкны зүгээс нэмэлтээр тусгай дугаар гарган харилцагчиддаа туслах үйлчилгээг ажиллуулж эхэллээ. Мөн харилцагчдынхаа хүсэлтээр зайнаас Гялсбанк болон данс нээх үйлчилгээг судлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.
Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.
Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.
Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.
Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
